Цэс

Холбоо барих

Мартин Чунгонг: Монгол Улсын Их Хурал хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр стратеги төлөвлөгөөндөө тусгасан нь онцлох санаачилга болжээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой уулзлаа.

Уулзалтын эхэнд, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, ОУПХ-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд үр дүнтэй үргэлжилж буйг тэмдэглээд, Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан видео мэндчилгээ ирүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал болон ОУПХ-ны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж байгаагийн нэг илрэл нь 2022 онд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичиг гэдгийг тодотгов.

Уулзалтын үеэр, УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдаж, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг томьёолон, үндсэн 5 зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх 16 зорилтыг тодорхойлсон гэдгийг дурдлаа. Энэ ташрамд тэрбээр, уг стратеги төлөвлөгөөний төсөлд ОУПХ-ноос улс орнуудын практик туршлагуудад үндэслэн мэргэжил арга зүйн зөвлөгөөг тогтмол хүргүүлсэнд талархал илэрхийлэв. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үргэлжлүүлэн, тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентад 80 гаруй гишүүн шинээр сонгогдсоныг дурдаад, ирэх дөрвөн жилийнхээ стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлснийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд ОУПХ-ны дэмжлэгтэйгээр парламентын өөрийн үнэлгээний шалгуур үзүүлэлтээр суурь түвшинг тодорхойлох, үнэлгээ хийх чадамжийг бүрдүүлэх, УИХ-ын цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж буйг хэлэв.

Түүнчлэн ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах Азийн эмэгтэй парламентчдын форумд биечлэн оролцохыг урьсан юм.

ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг, Хамтын ажиллагааны санамж бичгийн агуулгын хүрээнд Монгол Улсын Их Хурлаас хүний эрх, жендэрийн тэгш байдал, парламентат ёсыг төлөвшүүлэхэд бодит үр дүн бүхий зорилтот ажлуудыг хэрэгжүүлж буйг сайшаан тэмдэглэв. Тэрбээр, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг цогцлоохоор стратеги төлөвлөгөөндөө тусгасан нь өнөө цагт онцлох санаачилга хэмээн тодотгоод хэрэгжилтийг хангахад бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Хүний эрхийн мэдрэмжтэй, тэгш оролцоог хангасан, цаг үеийн шаардлагад нийцэхүйц хууль тогтоомжуудыг боловсруулахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхийн тулд Тамгын газар дэвшилтэт арга барилаар ажиллахаар эрмэлзэж буйг Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцлов. Тэрбээр, өнгөрсөн 3 дугаар сарын 20-нд ОУПХ-той хамтран “Хүний эрхийн төлөв байдлын үнэлгээний хамтарсан цахим уулзалт-хэлэлцүүлэг”-ийг амжилттай явуулсныг дурдахын сацуу цаашид ч мөн бүс нутгийн сэдэвчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах талаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл