Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Цаг үеийн сэдвээр салбарын яамдын мэдээллийг сонслоо


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.08/ хуралдаан 14 цаг 15 минутад эхэлж, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбарын яамдын цаг үеийн сэдвийн мэдээллүүдтэй танилцлаа.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Иймд хуралдаан Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын мэдээллээр үргэлжиллээ.


Тэрбээр мэдээлэлдээ, уг тогтоол нь “Цагаан алт” хөдөлгөөн нэртэйгээр хэрэгжиж эхэлснийг дурдаад дэлхийн ширхэгт материалын үйлдвэрлэлд жилд 116 сая тонн шаардлагатай байдаг бөгөөд үүнээс амьтны гаралтай ширхэгт 1.6 хувийг эзэлж байна. Дэлхийн ноолуурын түүхий эдийн 40 хувийг Монгол Улс бэлтгэдэг. 2029 он хүртэл дэлхийн ноолуурын зах зээл жилийн 6.1 хувиар өсөж 4.3 тэрбум ам.долларт хүрэх судалгаа байна. Харин манай улс хонины тоо толгойгоороо дэлхийд 14 дүгээрт орж, жилдээ 30 мянга гаруй тонн хонины ноос бэлтгэж байна. 2029 он хүртэл дэлхийн ноосны зах зээл жилийн 3.2 хувиар өсөж 45.6 тэрбум ам.долларт хүрэх судалгаа байна. Мөн  дэлхийн арьсан эдлэлийн зах зээл жилийн дундаж өсөлт 4.3 хувь бөгөөд 2029 онд 376.2 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг онцлов.

Манай улс 2024 оны байдлаар 57.7 сая толгой малтай байна. Үүнээс,  ноолуур 8.5, хонины ноос 34.2, тэмээний ноос 1.9 мянган тонн, сарлагийн хөөвөр 397.6 тонн, арьс шир 17.2 сая.ширхгийг бэлтгэх боломжтой. Улсын хэмжээнд ноос ноолуур боловсруулах 173 үйлдвэр аж ахуйн нэгж тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаагаас, угаах 76.485,  хялгас ялгах 13.122, ээрэх ноолуур 2.978, ноос 2.110 тонн, нэхэх ноолуур 2,512, хивс 1.600 мянган м2, сүлжих  5,293 ширхгийг үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсан байна. Улсын хэмжээнд арьс шир боловсруулах 27 үйлдвэр байгаагаас Улаанбаатар хотод 24, Дархан-Уул аймагт 2, Өвөрхангай аймагт нэг аж ахуйн нэгж  үйл ажиллагаа явуулж байна. Манай улс жилд 15-20 сая ширхэг арьс ширэн түүхий эд бэлтгэх нөөцтэй бол 21.3 сая ширхэг арьс ширийг хагас боловсруулах хүчин чадал суурилагдаад байна. Манай улсын ноолуур боловсруулах салбарын хувьд угаах, самнах хүчин чадал түүхий эдийнхээ нөөцөд тулгуурлан 100 хувь суурилагдсан, ээрэх, нэхэх, сүлжих хүчин чадал дутмаг байгааг мэдээлэлд дурдсан байлаа.


Түүнчлэн ноосны салбарын хувьд угаах хүчин чадал 100 хувь суурилагдсан, самнах, ээрэх, нэхэх, сүлжих хүчин чадал дутмаг байна. Арьс шир боловсруулах салбарын хувьд хагас боловсруулах хүчин чадал 10 хувь суурилагдсан, гүн боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хүчин чадал дутмаг байна. Иймд дэлхийн зах зээлийн чиг хандлага, манай улсын түүхий эдийн нөөц, боломж, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт зэрэг дээр тулгуурлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цагаан-Алт” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолын батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20-40 хувь, ноосны бүрэн боловсруулалтын түвшинг 25-50 хувь, арьс ширний гүн боловсруулалтын түвшинг 30-50 хувьд хүргэх зорилго тавин ажиллаж байгааг мэдээлэлд дурджээ.

Түүнчлэн “Цагаан-Алт” хөдөлгөөн нь салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах зэрэг дөрвөн үндсэн чиглэлээр 18 оролцогч талуудын хамтын ажиллагааны хүрээнд 27 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Ингэснээр бид арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын 3.1 их наяд төгрөгийн үйлдвэрлэл, 831.4 сая ам.долларын экспорт, 25.8 мянган ажлын байрыг нэмэгдүүлнэ хэмээн Ж.Энхбаяр сайд хэлсэн.


“Цагаан-Алт” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд 1.5 их наяд төгрөгийн арилжааны 10 банкны эх үүсвэрээр хөнгөлттэй зээл олгох бөгөөд энэ хүрээнд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар ноолуурын салбараас 71, ноосны салбараас 148, арьс ширний салбараас 96, нийт 315 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлсэн.  Хөрөнгө оруулалтын зээлд ноолуурын салбараас 64, ноосны салбараас 129, арьс ширний салбараас 69, нийт 262 аж ахуйн нэгж зээл авах хүсэлтээ ирүүлснийг мэдээлэлд дурдсан байв.

Мөн Монголбанкны 2025 оны 03 дугаар сарын 31-ны мэдээгээр ноолуур боловсруулах үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл олголт 31.6, ноос, хөөвөр боловсруулах үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл 21.3, арьс шир боловсруулах үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл 10.5, савхин гутал, савхи болон нэхий хувцас, цүнх, жижиг эдлэл, бүс тэлээ, савхин бээлийний үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн эргэлтийн хөрөнгийн зээл нэг хувийн явцтай байна.


Харин ноолуурын сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 8.7, ноос самнах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 3.8, ноос сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 7.3, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 5.5, савхин гутал хувцас болон нэхий хувцас, цүнх, жижиг эдлэл, бүс тэлээ, савхин бээлий үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын зээл 19.5 хувийн явцтай байгааг салбарын яамны мэдээлэлд дурдсан байв.

2025 онд ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн салбарын эргэлтийн хөрөнгийн зээлд 230 тэрбум төгрөг, ээрэх, нэхэх, сүлжих дамжлагын хөрөнгө оруулалтад 132 тэрбум төгрөг, ноос боловсруулах үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд 30 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 290.9 тэрбум төгрөг, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд 40 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 66 тэрбум төгрөг тус тус олгогдохоор санхүүжилт нь батлагдаад, зээл олгож эхэлсэн байна.


Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Уянга, М.Ганхүлэг, Ж.Чинбүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, Б.Заяабал, Б.Мандхай, З.Мэндсайхан, С.Замира нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал монголд ноолуур самнах хүчин чадлыг нэмэгдүүлсэн гэх боловч гаалийн мэдээгээр импортоор угаасан ноолуур оруулж ирж буйд салбарын яамнаас анхаарах шаардлагатай гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Ж.Чинбүрэн нар “Цагаан-Алт” хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, ноолуур боловсруулах үйлдвэрлэл, экспортыг дэмжих нь чухал гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ малчдаас нийлүүлэх түүхий ноолуурыг 100 хувь авах зохицуулалтыг хангасан томоохон бодлогыг Засгийн газар боловсруулах шаардлагатай, Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан “Цагаан-Алт” хөтөлбөрийн хүрээнд малын дайвар бүтээгдэхүүн боловсруулах салбар хамрагдаагүйд анхаарч арга хэмжээ авах, Улсын Их Хурлын гишүүн Б.Мандхай Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөр, хөдөлгөөнүүдийн уялдаа холбоог сайтар хангах, үйлдвэр технологийн паркуудаа яаралтай барьж, ашиглалтад оруулахад анхаарах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.


Мэдээлэл сонссонтой холбогдуулан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос "Засгийн газарт чиглэл өгөх тухай" тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжив. Уг тогтоолын төсөлд  малчдаас  зах зээлд нийлүүлэх түүхий ноолуурыг 100 хувь нэмэгдүүлэн худалдан авах ажлыг яаралтай зохион байгуулах, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг банкуудын чөлөөт эх үүсвэрийг ашиглах замаар зохион байгуулах арга хэмжээ авахыг тусгасан байв.

Хаврын тариалалтын бэлтгэл ажил, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаарх мэдээллийг сонслоо

Дараа нь Хаврын тариалалтын бэлтгэл ажил, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаарх салбарын яамны мэдээллийг сонссон. Энэ талаар  Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.

Энэхүү аяны зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй тариалангийн үйлдвэрлэл”, “Бүсчилсэн хөгжил”, “Үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээ”, “Инноваци, технологи”, “Эрсдэлийн тогтолцоо, гадаад худалдаа” зэрэг тэргүүлэх чиглэл бүхий  таван зорилт, 63 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.


“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд жил бүр 120 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд 2025 онд улсын төсөвт 52.8 тэрбум төгрөг тусгасан  байна. 2025 оны эхний улиралд аяны хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын хүүгийн хөнгөлөлттэй зээлд хамруулахаар арилжааны 10 банктай хамтран ажиллах гэрээг байгуулан, зээл олгож эхлээд байна. Энэхүү зээлийн хүүгийн 10 хувийн хөнгөлөлтийг үзүүлснээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хувийн өмчийн 800.0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой хэмээн тооцоолсон гэж байлаа.

Мөн мэдээлэлд хаврын тариалалтын бэлтгэл ажлын хувьд улсын хэмжээнд 2025 онд нийт 655.5 мянган га талбайд тариалалт хийхээс үр тариа 360.7 мянган га-д, төмс 20.1 мянган га-д, хүнсний ногоо 18.8 мянган га-д, тэжээл 141.1 мянган га-д, тосны ургамал 103.7 мянган га-д, жимс жимсгэнэ 7.9 мянган га-д тус тус тариалахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрөл, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор атар газрыг тариалангийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулж эхэлснийг дурджээ.


Түүнчлэн улсын хэмжээнд нийт 45.4 мянган тонн үрийн улаанбуудайн нөөцтэй байгаагаас тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд 35.0 мянган тонн, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д 3.5 мянган тонн, үр үржүүлгийн аж ахуйн нэгжүүдэд арилжааны зориулалттай 7.0 мянган тонн үр хадгалж байна. Тариалангийн  долоон аж ахуйн нэгж 4.3 мянган тонн үрийн улаанбуудай импортоор авах зөвшөөрөл авсан. Улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгөөр  зургаан төрлийн тэжээлийн таримлын 360 тонн үр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгааг дурдсан байв.

Таримлын сэлгээг нэмэгдүүлэх, малын өндөр уурагт тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК есөн төрлийн тэжээлийн таримлын үр 1600 тонны нөөц бүрдүүлэн зээлээр олгов. Тариалангийн талбайг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор улсын төсвийн 9.7 тэрбум төгрөгөөр тариалан бүхий аймгуудад нийт 370.8 мянган ширхэг төмөр бетон шон, тэрбум төгрөгөөр дөрвөн байршилд 102.3 км тариалангийн талбайд ойн зурвасыг байгуулахаар төлөвлөөд байна.


Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Идэрбат, С.Замира, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, агуулах болон хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн үйлчлэх хугацаа дууссан тул арга хэмжээ авах эсэх, улаан буудайн үрийг импортлох гэрээ хэлцлийг шуурхайлах, малын тэжээлийн тариалалтын үр болон тосны ургамлын тариалалтыг үндэсний үйлдвэрээ түүхий эдээр хангахад тухайн сортыг нь тариалуулах чиглэлд зохицуулалт хийж буй талаар лавлав. 

Ж.Энхбаяр сайд хариултдаа, “Атрын 4” аяны гол зорилго нь улаан буудайнаас гадна бусад тэжээлийн таримал, тосны ургамлын тарилалтыг эрс нэмэгдүүлнэ гэдгийг дурдаад  энэ хүрээнд үндэсний тосны үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлсэн аж ахуйн нэгжүүдэд улаан буудайтай адилхан урамшуулал олох асуудлыг боловсруулж байгаа гэв. Мөн үрийн импортод 4.3 мянган тонны зөвшөөрөл өгсөн тул удахгүй оруулж ирнэ. Дотоодод 1.5 мянган тонн үр бэлтгэсэн гэдгийг сайд хариултдаа онцлоод томоохон аж ахуйн нэгжид нийлүүлэх 6.0 мянган тонн үр бэлэн. Түүнчлэн тэжээлийн үрийн нөөцийг боломжийн хэмжээнд бүрдүүлж байна хэмээн хариулсан.

Махны экспортын асуудлаар мэдээлэл сонсов

Хуралдаан Махны экспортын асуудлаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын мэдээллээр үргэлжилсэн.

Салбарын яамны мэдээлэлд Монгол Улсын мал сүргийн тоо 2015-2023 онд дунджаар 2.6 хувиар өсөж, 2024 онд 57.6 сая толгой мал тоолуулсан бөгөөд жилд 15.0-20.0 орчим сая толгой малыг хэрэгцээлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Мал тооллогын 2024 оны жилийн эцсийн дүнгээс үзэхэд нийт 9.2 сая толгой мал буюу 232.2 мянган тонн махыг хэрэгцээлж, 6.1 сая толгой мал буюу 160.0 мянган тонн махыг дотоодын хэрэгцээнд, 3.0 сая толгой мал буюу 72.3 мянган тонн махыг экспортлохоор урьдчилсан тооцоолол гарсан.  Монгол Улс 2018 онд 70.4, 2019 онд 58.6 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон. Дэлхийн нийтийн хамарсан короновируст халдварын цар тахлын улмаас дээрх тоо хэмжээ дунджаар 45 хувиар буурч 2020 онд 38.8, 2021 онд 21.8, 2022 онд 16.0, 2023 онд 80.4, 2024 оны 71.1 мянган тонн, 2025 оны 03 дугаар сарын байдлаар 8.8 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн тус тус экспортолсон байна.


Монгол Улс 1989 онд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр элсэж, Дэлхийн худалдааны байгууллагын “Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, тарифын бус хориг саадыг багасгах зорилгоор гадаад улс орнуудтай мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлага, экспортлох, импортлох үеийн нөхцөлийг тохиролцон худалдааны чөлөөт байдлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд  бусад улс оронтой хамтран ажиллаж, Засгийн газар хоорондын хэлэлцээр 17, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол 15, харилцан ойлголцлын санамж бичиг 6, мал эмнэлгийн гэрчилгээ 60, мал эмнэлэг хорио цээрийн нөхцөл 5, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага хоёрыг тус тус тохиролцсоныг Ж.Энхбаяр сайд мэдээлэлдээ онцлов.

Мах, махан бүтээгдэхүүний экспортын гүйцэтгэлээр 2023 онд 80 хувийг БНХАУ,  нэг хувийг ОХУ, 12 хувийг Иран,  хоёр хувийг Хонконг, гурван хувийг бусад улсад эзэлж байсан бол 2024 онд 63 хувийг БНХАУ, 30 хувийг булангийн орнууд, 7 хувийг бусад улсууд эзэлж байгааг мэдээлэлд дурдсан байлаа.


Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын холбогдох хэлэлцээрийн дагуу Монгол Улсаас БНХАУ, ОХУ, Узбекистан улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох аж ахуйн нэгж нь импортлогч улсаас эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн, тухайн улсын холбогдох мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасан үйлдвэр байдаг. Уг үйлдвэрийг тухайн улсын эрх бүхий байгууллагын цахим системдээ бүртгэснээр Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрх үүсдэг. Энэ хүрээнд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор БНХАУ-д 27, ОХУ-д 29, Узбекистан улсад 24 аж ахуйн нэгж тус тус бүртгэлтэй байна. Мөн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх итгэмжлэлийн төвөөс 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын төрийн болон төрийн бус баталгаажуулалтын гурван байгууллагад аудит хийж, халал хүнсний бүтээгдэхүүнийг баталгаажуулах итгэмжлэлийг дөрвөн жилийн хугацаатайгаар авсан байна.

Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын бодлого, мал сүргийн бүтцээс хамааран  2022 оны 10 дугаар сараас эхлэн мах, махан бүтээгдэхүүний экспортод тоо хэмжээ тогтоохгүй байхаар жил бүр шийдвэрлэж ирсэн. Өөрөөр хэлбэл, импортлогч орны шаардлагыг хангасан аж ахуйн нэгж хүчин чадлынхаа хүрээнд мах, махан бүтээгдэхүүн экспортлох нөхцөл бүрдсэн хэмээн мэдээлэлд дурдсан байв.


Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Уянга, М.Ганхүлэг, Б.Мандхай, С.Замира нар асуулт асууж, үг хэлсэн Гишүүд мах, махан бүтээгдэхүүний экспортод тоо хэмжээ тогтоохгүй байхаар гаргасан шийдвэрийг цаашдаа тууштай үргэлжлүүлэхийг хүсээд булангийн орнуудад халал аргаар мах экспортлоход аж ахуйн нэгжүүдийг зах зээлтэй нь холбож өгөхөд төрийн зүгээс бодлогоор дэмжлэг үзүүлэх, малын махны дайвар бүтээгдэхүүн, ясны тос гаргах асуудалд салбарын яам анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Барагшуны нөөц, ашиглалтын талаарх мэдээллийг сонсов

Хуралдааны төгсгөлд Барагшуны нөөц, ашиглалтын талаарх салбарын яамны мэдээллийг сонсов. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын С.Одонтуяа танилцуулсан.

Монгол орон нь Азийн эх газрын барагшун тархалтын төв муж  гэдгийг сайд онцлоод барагшун нь далайн түвшнээс дээш 2000 метр болон түүнээс дээш өндөрт хүйтэн, сэрүүн болон хуурай нөхцөлд хадны агуй, гуу жалганд хайлмагтсан, давирхайлаг байдалтай хар хүрэн өнгөтэй, тослог, өөрийн өвөрмөц амт үнэртэй, олон төрлийн эмийн ургамлын үндэс, эрдэс, макро микро элементийг агуулан тогтсон байдаг гэв.


Мөн Монгол алтайн уулс болох Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудад тархсан ба Говь-Алтай аймаг 58, Ховд 89, Увс 140, Баян-Өлгий 28 тонн барагшуны нөөцтэй гэж тогтоосон байна. Гэтэл нутгийн иргэн, аж ахуй нэгжүүд их хэмжээгээр бэлтгэн, эргэн нөхөн сэргэх боломжийг алдагдахуйц хэмжээнд ашиглаж, хууль бусаар бие биеэсээ өрсөж түүж бэлтгэх, дотоодын үйлдвэрлэлд өгөхгүйгээр шууд гадаадад гаргах сонирхол их байдаг. Тухайлбал, 2016 онд 17  аж ахуй нэгж ОХУ,  Энэтхэг,  БНХАУ улс руу  2335 тонн түүхий болон хагас боловсруулсан барагшун экспортолсон дүн байдаг. Тиймээс байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зорилгоор шинжлэх ухааны байгууллагуудын судалгаа, зөвлөмжийг үндэслэн БОАЖ-ын Сайдын 2017 оны А/86 дугаар тушаалаар барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд байдлаар, судалгааны дээжийг 5 кг-аас дээш хэмжээгээр гадаад улсад гаргах зорилгоор түүж бэлтгэх, боловсруулах, экспортлохыг таван жилээр хориглох, 2022 оны А/108 дугаар тушаалаар барагшуныг түүж бэлтгэх, ашиглах, худалдах, худалдан авахыг таван жилийн хугацаатайгаар хориглосныг С.Одонтуяа сайд онцолж байлаа.


Мөн барагшуныг түүхий эд байдлаар гадаадад гаргахыг хориглосноор манай улсад төр, хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага судалгаа хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний стандартыг боловсруулж гаргах, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, нэвтрүүлэх чиглэлд ажиллаж байна. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, аж ахуй нэгжүүд, эмийн үйлдвэрүүд хамтарсан судалгааг тасралтгүй хийсээр хэд хэдэн үндэсний стандартыг батлуулсан байна. Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд сүүлийн 25 жил барагшуны чанар, ашиглалтын талаар судалгаа хийж, доктор Т.Энх-Оюун 2014 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр “Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга” бүтээлээрээ Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”, “Шилдэг зохион бүтээгч” шагнал хүртсэн. Цаашид энэхүү бүтээлээр дэлхийд гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэв.


Салбарын сайд, цаашид барагшуны жилд ашиглах боломжит нөөц, нөхөн сэргээх хугацаа давтамж, найрлага, ач холбогдлыг нарийвчлан тогтоох судалгааг хийх, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос барагшуны нөөц, тархацын судалгаанд хөрөнгө төсөвлөхийг аймгуудад даалгах, экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох, хууль бусаар түүж бэлтгэсэн түүхий эд байдлаар гадаадад гаргах биш, зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн барагшунаар олон улсын стандарт шаардлага хангасан үндэсний брэнд, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, экспортлох нь эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, байгалийн нөөцийн ашиглалтын бүсийг тогтоож, жилд ашиглах зохистой хэмжээгээр ашиглах боломжийг бүрдүүлэх, түүхий болон хагас боловсруулсан эд байдлаар экспортлохыг хориглох, хууль бусаар түүж бэлтгэх явдлыг таслан зогсоох арга хэмжээ авах шаардлагатай байгааг мэдээлэлд онцолсон.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл