Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Г.Дамдинням өнөөдөр (2025.04.07) Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн, Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн гишүүн Саманта Казбонн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, хатагтай Саманта Казбонныг Монгол Улсад тавтай зочлохыг уриад хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд эрчимжин, улс төрийн агуулгаа эдийн засгийн харилцаагаар бэхжүүлж байгаад сэтгэл өндөр байдгаа илэрхийллээ. Энэ зорилгоор хоёр улсын төрийн тэргүүнүүд ойрын хугацаанд өндөр дээд түвшний айчлалуудыг хийсэн бөгөөд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилсан нь тэмдэглэлт үйл явдал хэмээн онцлов.
Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн Саманта Казбонн, энэхүү уулзалт нь хоёр улсын парламентын найрамдлын бүлгийн үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой гэлээ. Мөн хоёр улс нь ардчилсан, нээлттэй нийгэм, үнэт зүйлс нэгтэйн хувиар нягт хамтран, харилцан нэгнээ дэмжиж байх нь нэн чухал хэмээгээд ардчиллын үнэт зүйлсийг боловсролын салбараар дамжуулан хойч үедээ таниулж, өвлүүлэх нь тун чухал хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Талууд хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцов. Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера тэргүүтэй албаны хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.