Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 13 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Журам батлах тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ. Тухайлбал, “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг зохицуулах журам”-ыг баталсан бөгөөд энэ журмаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.3.1-д заасан төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулжээ. Төрийн нууцад хамаарах худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах ажээ.

Мөн “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг баталж, тус журмаар Монголын орчин үеийн зохиолчдын байгууллагын суурийг тавьж, залуучуудыг утга зохиолоор дамжуулан соён гэгээрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан их зохиолч С.Буяннэмэхийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, шагнал олгох үйл ажиллагааг зохицуулах юм байна. Тухайлбал, С.Буяннэмэхийн нэрэмжит шагналыг монголын тайз, жүжгийн зохиол туурвигч залуу уран бүтээлчдийг дэмжих, ирээдүйн зохиолчдын залгамж халааг бэлтгэх зорилгоор тайз, жүжгийн зохиол бүтээл туурвигч Монгол Улсын 15-34 насны 5 хүртэлх тооны иргэнийг 2 жил тутам сонгон шалгаруулж олгох юм.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн дүрэм”-ийг баталсан байна. Энэ дүрмээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг, удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг зохицуулсан байна. Тус төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бие даан хөгжих чадварыг эзэмшүүлэх, ажлын байранд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх, амьдралын чанарыг сайжруулахад орших ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл