“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Журам батлах тухай”, “Журам шинэчлэн батлах тухай”, “Үзэл баримтлал батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлжээ. Тухайлбал, Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 142 дугаар тогтоолын хавсралтаар “Хил орчмын нутаг дэвсгэрийн аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах журам”-ыг баталсан бөгөөд тус журмаар Монгол Улсын хил орчмын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулжээ.
Мөн “Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 161 дүгээр тогтоолын хавсралтаар “Хүүхдэд зориулсан уран бүтээлд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталсан бөгөөд энэ журмаар хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, бүтээлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахаар тусгажээ. Түүнчлэн “Үзэл баримтлал батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал (2024-2036)”-ыг баталж, “Бүх түвшинд тэгш, чанартай боловсрол олгох, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” зорилгыг боловсролын салбарт дэвшүүлжээ. Мөн суралцагчийн эзэмших чадамжийг тодорхойлж, эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр, судлагдахууны хөтөлбөрийн залгамж холбоо, арга зүй, үнэлгээний нийцтэй байдлыг харгалзан боловсруулахад үзэл баримтлалын зорилго оршиж байна. Монгол суралцагчийн эзэмших чадамж, сургалтын хөтөлбөр боловсруулахад тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах арга зам, сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдал, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ болон нэр томьёоны тайлал зэргийг тусгажээ.
“Журам шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 181 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар Үнэт металл, эрдэнийн чулууны жагсаалт, хоёрдугаар хавсралтаар Үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг тогтоох, бүртгэх журмыг баталсан бөгөөд үнэт чулууны гэрчилгээ, үнэт металл хайлсан тухай акт, үнэт металл олборлолтын журнал, үнэт металл олборлолтын жилийн тайлан зэрэг загваруудыг хавсаргасан байна. Харин Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 222 дугаар тогтоолын хавсралтаар Гадаад улсад үйл ажиллагаа явуулж буй боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталсан. Тус журмаар Боловсролын ерөнхий хуулийн 38.9-д заасны дагуу гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхэд болон иргэдэд монгол хэл, түүх, ёс заншил, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Боловсролын ерөнхий хуулийн 18.1-д заасан боловсролын сургалтын байгууллага болон мөн хуулийн 14.6-д заасан насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.