Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан нар Цусны донорын тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.03.31) өргөн мэдүүллээ.
Монгол Улсын хүн амын суваргын хэтийн төлвөөр идэвхтэй донор (24-45 нас)-ын хүн амын тоонд эзлэх хувь буурахаар байгаа бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах нь чухал асуудал болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Цусны алба бүхий 171 улсаас 110 улс нь Цус сэлбэлтийн аюулгүй байдал, чанарыг зохицуулах тусгай хуультай байна.
Цусны донорын тухай хуулийн төсөл батлагдсанаар тус салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, цусны донорын сургалт, сурталчилгаа сайжирч, орон нутагт ахиц дэвшил гарна гэж үзэж буйгаа хууль санаачлагчид танилцууллаа. Мөн цусны донорын нийгмийн халамж, урамшуулал сайжирч, тоо нь нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн, гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэнэ гэдгийг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.