Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа өнөөдөр /2025.03.28/ Шведийн Хаант Улсын Риксдаг дахь Швед-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, Риксдагийн гишүүн ноён Маркус Виечилтэй цахим уулзалт хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа парламентын бүлгүүдийн анхны уулзалт ийнхүү цахимаар болж буйд баяртай байна гээд Шведийн Хаант Улсын Риксдагт Швед-Монголын бүлэг байгуулахад манлайлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санаачилгатай ажилласан ноён Маркус Виечилд талархал илэрхийлэв.
Тэрбээр Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль тогтоох ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглээд Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу өргөжиж 126 гишүүнтэй болсон парламентын талаар танилцуулсан.
Мөн уулзалтын үеэр хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд парламент хоорондын харилцааг гүнгийрүүлэн бэхжүүлэх, тэр дундаа парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэв.
Шведийн Хаант Улсын Риксдаг дахь Швед-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, Риксдагийн гишүүн ноён Маркус Виечил хоёр улсын парламентын бүлгийн хооронд цахим уулзалт хийх санаачилга гаргасанд талархал илэрхийлээд Швед-Монголын парламентын найрамдлын бүлэгт тус парламентад суудалтай найман намын зургаагийнх нь төлөөлөл багтсан нь Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд ач холбогдол өгч буйг харуулж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн Монгол-Шведийн парламентын бүлгээс хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд шинэ санал, санаачилга гарган хамтран ажиллана гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Цахим уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн гишүүн Х.Баасанжаргал, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат нар болон Шведийн Хаант Улсын Риксдаг дахь Швед-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн Маргарета Седерфелдт, Рашид Фарифар, Бёрн Сөдер, Эрик Хелссборн нар байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэлийн газраас мэдээлэв.