Монгол Улсын Их Хурлын Даргын 98 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.03.26/ хуралдлаа.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганмаа хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан бөгөөд энэ удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Р.Батболд, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, С.Эрдэнэбат нар оролцов.
Хуралдаанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганмаа Ажлын хэсгийн төлөвлөгөөнд туссан хийж хэрэгжүүлсэн ажлууд, цаашид хийх ажлынхаа талаар танилцуулсан.
Тухайлбал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, хариуцлагын тогтолцоонд тулгамдаж буй асуудлын талаар олон нийтээс санал, судалгаа асуумж авах, салбарын хүний нөөцийн хангамж, ажлын ачаалал, бүтээмж, ажилчдын мэргэжил, чадавхыг дээшлүүлэх, цалин хөлс, урамшууллын асуудлыг судлахын зэрэгцээ, төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны эрүүл мэндийн бодлогын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан байна.
Мөн тус салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, эрүүл мэндийн байгууллагуудын бие даасан байдал, тусламж, үйлчилгээний санхүүжилт, тусламж, үйлчилгээний чанарын үнэлгээний механизмуудын салбарын тогтолцоо, бодлого, удирдлагын тогтолцооны талаар судалж, улмаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан гэж байлаа.
Дараа нь Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангамж, ажлын ачаалал, бүтээмж, ажлын гүйцэтгэл үр дүнтэй нь уялдсан цалин хөлс, урамшуулал олгох үйл ажиллагаа”, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн ахлах шинжээч О.Мягмарсүрэн “Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсний талаар авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, Монголын бие бялдар сэргээн засах судлалын нийгэмлэгийн зөвлөх, доктор, дэд профессор О.Батгэрэл “Сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, мэргэжлийн хариуцлага” сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл хийлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.