Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Индонезийн парламентын бүлгийн дарга Л.Соронзонболд, тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нар өнөөдөр (2025.03.26) Бүгд Найрамдах Индонез Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, тус танхим дахь Индонез-Монголын парламентын бүлгийн дарга ноён М.Х.Муфиди тэргүүтэй гишүүдтэй цахим уулзалт хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Индонезийн парламентын бүлгийн дарга Л.Соронзонболд уулзалт ийнхүү цахимаар болж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд парламентын бүлэг хоорондын харилцаа чухал ач холбогдолтойг онцоллоо.
Талууд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан сайн туршлага солилцохоор санал нэгдэв. Мөн цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн тэлэх талаар санал солилцон, парламентын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ цохон тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.