“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулиуд болон Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. Тухайлбал, Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг баталснаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, цэрэг-техникийн хамтын ажиллагаатай орны тоо нэмэгдэж, Япон Улсаас орчин үеийн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэн авч, Монгол Улсын Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Энэхүү хэлэлцээрээр хоёр улсын хууль тогтоомж, дүрэм, журам, олон улсад хүлээсэн үүргийн дагуу батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологийн чиглэлээр хамтран ажиллаж, олон улсын энх тайван, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологийг шилжүүлэн өгөхтэй холбоотой асуудлыг “Хамтарсан хороо” байгуулан хэлэлцэж, дипломат шугамаар харилцан солилцох юм.
Харин Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулах тохиолдолд орлогыг Хуримтлалын сангийн эх үүсвэрт төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан.
Дээрх хуулийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулсан бөгөөд уг хуулийн 5.3, 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь тусгай төлбөрийг уг хуулийн 472.2-т заасан хувь, хэмжээгээр тооцож төлөхөөр зохицуулсан. Хууль батлагдсанаар хуулийн хийдэл, зөрчил арилж, байгалийн баялгаас олсон орлогыг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдэд тэгш, шударга хүртээх Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим хангагдах боломж бүрдэх ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.