Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 04 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоол болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой юм. Тухайлбал, “Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөн тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Франц Улсад бүртгэлтэй “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөнд тооцсон байна.

Түүнчлэн тус дугаарт нийтэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлд заасан “дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг” гэснийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд мэдүүлэг авах, мэдүүлгийг бэхжүүлэх үндсэн арга хэрэгсэл гэж үзнэ. Мөрдөн шалгах ажиллагааны бүх үе шатанд мэдүүлгийг “дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг”-ээр баталгаажуулна, мэдүүлэг авах ажиллагааг дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэхдээ эрх бүхий этгээд нь мэдүүлэг өгч байгаа болон байлцаж буй хүнд урьдчилан мэдэгдэж, бичлэгийг ямар зорилгоор ашиглах талаар заавал танилцуулж, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг сануулна. Мэдүүлэг өгч байгаа болон бусад этгээд мэдүүлэг өгөх явцыг дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгт буулгах, бичлэг хийлгэхээс татгалзах эрхгүй гэж ойлгоно, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг оролцсон, тухайн орчинд байлцсан хүн бүрийг танилцуулан, тэдний нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөнийг харагдахуйц, тасралтгүй, эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцаагүйг нотлохуйц байдлаар хийж бэхжүүлнэ, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр баталгаажсан мэдүүлгийг бичмэл тэмдэглэлийн нэг адил Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.3 дугаар зүйлд заасан журмын дагуу оролцсон, байлцсан хүнд танилцуулж байвал зохино зэргээр тайлбарласантай дэлгэрэнгүй танилцаж болох ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл