Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2025 оны 03 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Улаанбаатар хотын дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай, Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай Монгол Улсын хуулиуд болон Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтын холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоол, Монгол Улсын Улаанбаатар хотын дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Европын сэргээн босголт,  хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, Улаанбаатар хотын дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг баталснаар эхний ээлжид Улаанбаатар хотын дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах ажлыг Оросын Холбооны Улсын талаас санал болгож, эрх олгосон компаниар гүйцэтгүүлэх эрх зүйн зохицуулалт бий болох бөгөөд тус станцын өргөтгөл, шинэтгэлийн төслийн нийт төсөвт өртөг барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, харилцан зөвшилцсөнөөр цаашид барилга угсралтын ажил, Оросын Холбооны Улсаас экспортын зээл авах нөхцөл бүрдэж, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр дулаан, цахилгааны эрчим хүчээр найдвартай хангах нөхцөл бүрдэх юм. Улаанбаатар хотын дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, эрчим хүчний салбарын харилцааг цаашид гүнзгийрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал, цаашид эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах чиглэлээр Улаанбаатар хотын дулааны гуравдугаар цахилгаан станцыг үе шаттайгаар өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж, өндөр даралтын хэсгийг эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барихаар, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцыг буулган, суурин дээр нь 250 МВт-ын дулааны цахилгаан станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулах хүрээнд инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын ерөнхий нөхцөлийг тодорхойлох, захиалагч, гүйцэтгэгч талуудын хооронд хүлээсэн үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгасан байна.

Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг соёрхон баталснаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны үйл ажиллагаа, дотоод засаглалд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд тус банкны тогтвортой байдал хангадсанаар гишүүн орны хувьд санхүүжилтийн шинэ эх үүсвэр болон бусад тусламж, дэмжлэгт хамрагдах боломжтой юм.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтийн үйл ажиллагаа нь Төв болон Зүүн Европ, Өмнөд болон Зүүн Газар дундад тэнгисийн бүс нутаг болон Монгол орныг хамааруулж байсныг өргөжүүлэн Сахарын цөлийн өмнөд болон түүнээс урагш орших Африкийн бүс нутгийг нэмж, мөн тус банкны тогтвортой байдлыг хамгаалахын тулд хөрөнгийн зохистой харьцааны хэмжүүрүүдэд тохирох хязгаарлалтыг Захирлуудын зөвлөл тогтоох эрх олгох өөрчлөлтийг тусгасан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл