“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн байна. Тус хуулиар Цөмийн энергийг ашиглахтай холбоотой асуудлыг боловсронгуй болгон баталж, хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна. Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуульд дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд: 1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо гэрээний төслийг тус тусын хуралдаанаараа урьдчилан хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх; 2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээний төслийг болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн, Эдийн засгийн байнгын хорооны, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцэх бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар гэрээний төслийг бүхэлд нь зөвшөөрч, тухайн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох, эсхүл гэрээний төсөлтэй холбогдуулан хууль тогтоомжид нийцсэн зарчмын шинжтэй тодорхой засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэх, эсхүл гэрээний төслийг дэмжээгүй бол үндэслэл бүхий санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэх санал, дүгнэлтийн аль нэгийг гаргах; 3.Гэрээний төслийн агуулга, ач холбогдлыг харгалзан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гишүүдийн олонхын саналаар гэрээний төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэж болох бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн бол Улсын Их Хурлын тогтоолын төслийг санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, гишүүдийн олонх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжсэн бол хамт оруулсан Улсын Их Хурлын тогтоолыг баталсанд тооцох зэрэг болно.
Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тус тогтоолоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах MV-018916 дугаартай “Дулаан-Уул”, MV-018915 дугаартай “Зөөвч-Овоо”, MV-018914 дугаартай “Өмнөт” цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, орлуулахаар тус тус тогтоож, энгийн хувьцааг давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэхэд дараах зарчмыг баримтална гэжээ. Үүнд:1/төрийн эзэмшлийн 10 хувийн давуу эрхийн хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 10 хувьтай тэнцүү байх; 2/нийт гаргасан энгийн болон давуу эрхийн хувьцаанд эзлэх төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувиас бууруулахгүй байх ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.