“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолууд болон Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Самдангийн Энхбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилжээ.
Харин “Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолоор “Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт “Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан … татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. … Иргэний хувийн … халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж заасныг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн.
Түүнчлэн “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулах чиглэлээр хэлэлцээ хийхэд дараах үндсэн чиглэлийг баримталж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрсөн байна. Үүнд: 1/Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд төрийн дээд, өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлэх; 2/Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын тээврийн хүчин чадал, эдийн засгийн өгөөжийг хангах зорилгоор төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг байгуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гурван асуудлыг харилцан уялдаатай цогц байдлаар хамтад нь шийдвэрлэх; 3/Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх; 4/Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн багтаамж, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний үнийг тогтоохдоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урт хугацаатай байгуулсан гэрээний нөхцөл, үнийн аргачлалыг жишиг болгож, гэрээний хугацааг хэлэлцээ хийж эхэлсэн хугацаатай уялдуулан 16 хүртэл жилээр тогтоох; 5/Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын тээврийн хүчин чадал, эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний хэмжээг 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонноос бууруулахгүй, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн олборлолтын төлөвлөгөөтэй нийцүүлэн коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг зохимжит хувь харьцаагаар нийлүүлэх буюу зөвхөн нэг төрлийн нүүрсийг сорчлохгүй байх; 6/Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн царигийн аливаа маргаан дахин үүсэхгүйг бататгах; 7/Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад “Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчим баримтлах; 8/Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих, түүнийг холбох бүтээн байгуулалтын төслийн ажлыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талын сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах; 9/Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил доторх Ганцмод боомт хүртэл баригдсан төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулж өнгөрсөн хугацаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх; 10/Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтыг төмөр замаар холбох ажлыг үе шаттайгаар эхлүүлэх тохиролцоонд хүрэх; 11/Байтаг-Улиастайн боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох, Булган-Такашикен боомтод улсын хилийн 126, 127 дугаар тэмдгийн хооронд автозамаар улсын хилийн шугамыг дайран өнгөрөх цэгийг тохирч, хилийн гарц шинээр нэмэх, нүүрс ачиж буулгах талбай, ачаа тээврийн терминал болон улсын хил дамнасан автозамын бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар эхлүүлэх талаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талтай тохиролцох; 12/сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутагт ажлын байр шинээр бий болгох, орон сууцжуулалтын асуудалд харилцан ашигтай хувилбарт шийдэл бүхий нөхцөлөөр хамтран ажиллах бөгөөд энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхдээ Засгийн газар хоорондын хэлэлцээр, Ажлын хэсгүүд хоорондын албан ёсны хэлэлцээний протокол, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулах, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хууль тогтоомжийн төсөл санаачлах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан ажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.