Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тоот тогтоолоор байгуулагдсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “А” танхимд хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Я.Санжмятав, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Төлөвлөлт, санхүү бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг нар болон тус Байнгын хорооны Ажлын албаны зөвлөх О.Баяраа, референт М.Отгон нар оролцов.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Бакей ажлын хэсгийн хуралдааныг удирдан дэд ажлын хэсгээс гаргасан хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллоор санал хураалт явуулж, дэмжигдсэн саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх боллоо.
Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав сүүлийн жилүүдэд насны хэт зөрүүтэй гэр бүл олшрох хандлагатай болсон тухай дурдаад Монгол Улсад олон жил хамт амьдарсан гадаадын харьяат иргэний асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа тухай асуулт асууж хариулт авав.
Ажлын хэсгийн хуралдаан 15.10 цагт өндөрлөлөө.
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА