Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейгтэй уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан боловсрол, судалгааны салбарт дэлхийд тэргүүлдэг, 45 коллеж, эрдэм шинжилгээний тэнхим, судалгааны төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг Оксфордын их сургуулиар зочилж, эрхэм ерөнхиийлөгчтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр Монгол Улсын боловсролын салбарт тавьж буй зорилтууд, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг танилцуулж, цаашид хамтран ажиллах боломжтой судалгааны чиглэлийн талаар санал солилцов.
Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейг Монгол Улсын Их Хурлын даргатай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д монголын судлаачид оролцож, сонирхолтой илтгэл хэлэлцүүлснийг дурдсан. Мөн монгол судлаачдын хийж буй судалгаа, шинжилгээ нь хэл шинжлэл, утга зохиолын салбараар хязгаарлагдах бус газар зүй, уур амьсгалын өөрчлөлт, дэвшилтэт технологи гээд маш олон чиглэлд хөгжиж байгааг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн тэрбээр удахгүй зохион байгуулах “Монгол орны хөгжилд” чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Оксфордын их сургуулийн ерөнхийлөгч Уильям Хейг 1989-2015 онд тус улсын Парламентын гишүүнээр сонгогдон ажиллахаас гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал хариуцсан сайд, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайдын албыг хашиж байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сараас Оксфордын их сургуулийн 160 дахь Ерөнхийлөгчөөр ажиллах болсон байна.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад 2005 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн “Монгол орны хөгжилд” чуулган хоёр жил завсарласны дараа 18 дахь удаагаа ирэх 05 дугаар сарын 17-ны өдөр Оксфорд хотноо “Монголын ирээдүйн өнгө төрх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж буй юм.
Энэ удаагийн чуулганы зорилго нь тус улсад мэргэжлээрээ ажиллаж байгаа болон бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй монгол, монгол угсаа гаралтай залуусын мэдлэг, туршлагыг сонсох, хоорондын харилцааг бий болгох, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах боломжийг нь нээхэд оршиж буй юм. Чуулганаар Хүний оюун сэтгэлгээ, Хиймэл оюун, Соёлын ухаалаг ялгарал гэсэн гурван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд энэ удаагийн чуулган УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдах болсноороо онцлог юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.