Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Кэмбрижийн их сургуулийн Ухаалаг дэд бүтэц, барилгын төв, “Кавендиш” лабораторитой танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Кэмбриж хотод ажиллав.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Кэмбрижийн их сургуулийн Ухаалаг дэд бүтэц, барилгын төвийн захирал, профессор Брайн Шейлтэй уулзлаа.

Профессор Брайн Шейлийн судалгаа газрын доорх барилгын үр ашиг, аюулгүй байдал, шинэ технологийг хөгжүүлэхэд чиглэдэг байна.

Уулзалтын үеэр боловсролын салбарын хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар санал солилцлоо.

Үргэлжлүүлэн, Монгол Улсын Их Хурлын дарга “Кавендиш” лабораторид ажиллав. Уг лабораторид монгол иргэн Т.Ганбаатар байгалийн ухаан, инженерчлэлийн чиглэлээр докторын дараах судлаачаар ажиллаж байна.

Тэрбээр бага тунд ажиллаж чадах хор хөнөөлгүй рентген болон гамма туяаны бүртгэгч төхөөрөмж хөгжүүлэх судалгааны ажлыг Кэмбрижийн их сургуульд хийж буй юм байна. Түүний тогтвортой байдлын судалгааны үр дүн нь дэлхийн рекордыг хоёр удаа шинэчлэн тогтоож, тус сургуульд урилгаар ажиллаж эхэлжээ. Аливаа улс орон шинжлэх ухаанчаар хөгжих, эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийг дэмжих, судалгааг нь бодлого шийдвэртээ ашиглахын чухлыг уулзалтын үеэр онцоллоо.

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Кембрижийн их сургуулийн Судалгааны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Астонтой уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс уул уурхай, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээр томоохон бодлого баримтлан ажиллаж буйг тодотгоод, эдгээр чиглэлүүдээр Кембрижийн их сургуультай олон судалгааг хийж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Кембрижийн их сургуулийн Судалгааны асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Жон Астон хоёр талын олон жилийн хамтын ажиллагааг өргөжүүлж, байгалийн шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэв. Тэрбээр Кембрижийн их сургууль шилдэг технологийг хөгжүүлэн, ололт амжилттай ажиллаж буйг онцлоод шинэ чиглэлээр хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд баяртай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл