Цэс

Холбоо барих

“ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСӨЛ БУЦААХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ

2012 оны 12 дугаар сарын 26ы өдөр                                                                                              Улаанбаатар хот

                                                                                                        

 

Илтгэгч нь: Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа


Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, 

Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн боловч Улсын Их Хурлын 5 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэж амжаагүй зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын санал авах шаардлагатай байгаа зэргийг харгалзан хэлэлцэх боломжгүй зарим төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2012 оны 12 дугаар сарын 26ы өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.

Улсын Их Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурал ажиллаж эхэлснээс хойшхи хугацаанд өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд өргөн мэдүүлэгдсэн төслүүдээс шинэ Засгийн газар 33 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг татан аваад байна. 

Хууль зүйн байнгын хороо дээрх асуудлын талаар Байнгын хороод болон УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналуудыг үндэслэн нийт 54 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Хууль, тогтоолын төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Та бүхэнд тараасан байгаа. 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,     

            Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан Хууль, тогтоолын төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталж өгөхийг Та бүхнээс хүсье. 

            Анхаарал тавьсанд баярлалаа.


 ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА                                                            Ш.ТҮВДЭНДОРЖ

          

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл