Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.03.20)-ийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол явуулах асуудлыг хэлэлцэж, эдгээр сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны хоёр тогтоолыг баталлаа. Тогтоолуудаар нэр дэвшигчийн сонсголуудыг 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр хийхээр товлож, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат нарыг сонсгол даргалагчаар томилов.
ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон, НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Ц.Сүхбаатарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Жанхарын Батзориг, Баяраагийн Рагчаа нарыг нэр дэвшүүлсэн байна. ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Б.Рагчаа эдүгээ Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, 2005 оноос Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зохион байгуулагчаас дарга хүртэл дэвшин ажилласан байна. Харин НДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Ж.Батзориг Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг хариуцсан мэргэжилтэн юм. Тэрбээр 1997 оноос үйлдвэрчний эвлэлийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 2011-2019 онд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байжээ.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Ц.Идэрбат, Х.Булгантуяа нар Нийгмийн болон Эрүүд мэндийн даатгалын сангууд, мөн Үндэсний зөвлөлүүдийн үйл ажиллагааг ил тод, улс төржүүлэхгүй явуулах, өмнө гарсан алдаа дутагдлыг хэрхэн засаж залруулах, холбогдох хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх, даатгуулагчдыг төлөөлсөн гишүүдийн сонгон шалгаруулалтыг анхан шатанд хэрхэн хийсэн, эрх ашгийн зөрчилтэй Үндэсний зөвлөлийн гишүүдийг нэн даруй шинэчилж, нарийн мэргэжлийн хүмүүсийг томилох зэрэг асуудлыг хөндөн асуулт асууж, үг хэлсэн юм. Гишүүдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнбат, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга М.Нямдаваа нар хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.