Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, цэгцлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” хамтарсан ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр /2025.03.17/ уулзлаа.
Уулзалтын эхэнд хамтарсан ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-ний зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга нарын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 203/А13/А22 дугаар хамтарсан захирамж, тушаалаар байгуулагдсан “Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, цэгцлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгийн хамрах хүрээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Хүн төвтэй хууль зүйн бодлогын суурь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тавигдах ёстойг онцлон тэмдэглээд хууль хэнийг ч үл ялгаж, эрх тэгш хэрэгжиж, хууль дээдлэх ёс бүрэн тогтох учиртай гэв. Тэрбээр цаашид Улсын Их Хурлаар хэлэлцэн батлагдах хуулиудад журмаар зохицуулсан харилцааг тусгахгүй байхыг чухалчилж буйгаа дурдахын зэрэгцээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд журмын хамрах хүрээг тодорхой тогтоох нь чухал гэж байлаа.
Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагасан Улсын Их Хурлын тогтоолын гурван төсөлд Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлгүй хэрэгжиж байгаа журмуудын үйлчлэлийг зогсоох, төрийн байгууллагуудад үйлчилж буй журмуудыг цэгцлэхэд салбаруудад хугацаатай үүрэг өгөх, хуулиас давсан зохицуулалт бүхий тогтоол шийдвэрүүдийг цэгцлэх, чиглэлд анхаарч ажиллахыг хүсэв.
Улсын Их Хурал энэ бүрэн эрхийн хугацаандаа хүний эрхийг дээдэлсэн, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд төвлөрч ажиллах зорилгыг баримталж буйг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.