Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 37 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ. Зарлигаар, төрийн захиргааны нэр бүхий зарим албан хаагчдад төрийн захиргааны албан тушаалын тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгожээ.

Мөн дугаарт, Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Энэ тогтоолын хавсралтаар, үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд 2015-2016 онд төсөл хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн чиглэлүүдийг баталсан байна. Тухайлбал, хүнд үйлдвэрийн салбараас төмөрлөгийн үйлдвэрлэл, зэс боловсруулах үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл зэрэг, хөнгөн үйлдвэрлэлийн салбараас оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл, ой модны үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, дахин боловсруулах үйлдвэрлэл зэрэг чиглэлд төсөл хэрэгжүүлэх ажээ.

Эдгээр чиглэлүүдэд хамаарах экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төслүүдэд 300.0 /гурван зуу/ хүртэлх тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгох арга хэмжээ авч, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтанд даалгажээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ.

“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг...эрхэлсэн ажил, албан тушаал...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцээс дүгнэжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл