Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.03.17) өргөн мэдүүлэв.
Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3-т хуульчийг өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзах тохиолдлын нэг нь “энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа” гэж заасан нь шалгалтад орох хуульчийн эрхийг зөрчиж, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан бодит нөхцөл байдал үүсгэж буй учраас уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буйгаа танилцуулав.
Хуулийн төсөл батлагдсанаар аливаа хуульч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн шалгалтад хууль бус хязгаарлалтаас ангид хамрагдах боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж буйгаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.