Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, М.Мандхай нар өнөөдөр (2025.03.13) Дундговь аймагт ажиллаж, тус аймгийн хоршоологчидтой уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.
Өнөөдрийн байдлаар Дундговь аймагт 463 хоршооны гишүүн 1603 малчин хоршоологч 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Хоршоологчид авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж, эхнээсээ үр дүнгээ хүртээд эхэлсэн тухай хэлж байна. Тухайлбал сур элдэх техник авч, үнэгүйдээд байсан малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулан зах зээлд нийлүүлж эхэлжээ. Мөн уут савлагаа, эрүүл ахуй, стандартын шаардлагыг чанд барьж, малынхаа дайвар бүтээгдэхүүнийг нийслэл хот болон бусад суурин газруудад худалдаалж байгаа гэв. Үүнээс гадна боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ “Өвлийн идэш”, “Амар байна уу” зэрэг үзэсгэлэн худалдаанд оролцсон байна. Хоршоологчдын хувьд тулгамдсан асуудал нь үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхэд эргэлтийн хөрөнгө нэмэх шаардлагатай байгаагаа Улсын Их Хурлын дарга болон гишүүдэд уламжиллаа.
Уулзалтын үеэр хоршоологчдод газар эзэмшүүлэх боломжтой болсон мэдээг албаныхан дуулгав. Хоршоод болон хоршооны гишүүдэд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, ногоон тэжээл тариалах зорилгоор дундын хоршоодыг үйл ажиллагаа эрчимжүүлэхэд дэмжиж ажиллахаар болжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.