Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн дэвшилтэт, шинэ үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэх зорилготой цуврал арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн албан хаагчдад өнөөдөр /2025.03.13/ сургалт явууллаа.
Сургалтын эхэнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлж, 5 зорилго, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх 16 зорилтыг хүрэх үр дүнгийн хамт тусгасан. Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд хууль тогтоомжийг боловсруулахаас батлах, биелэлтэд хяналт тавьж, тайлагнах хүртэлх бүх үе шатад хүн төвт үзэл санаанд суурилж, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан эсэхийг нягталдаг, дүн шинжилгээ хийдэг байх, Улсын Их Хурал ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, олон талт түншлэлийг сайжруулах зорилтууд тусгасан байна гэх зэргээр танилцуулж, УИХ-ын Тамгын газрын албан хаагчидтай харилцан яриа өрнүүлж, санал солилцлоо.
Түүний дараа “AI academy”-ийн сургалт хариуцсан захирал О.Соронзонболд “Хиймэл оюун ухаан ба үндсэн хэрэглээ” сэдвээр танилцуулга хийсэн бол УИХ-ын гишүүн Ч.Анар төрийн байгууллага дахь процессийн дахин инженерчлэлийн талаар танилцуулав. Харин зөвлөх сэтгэл зүйч Ц.Энхжаргал харилцааны удирдлагын талаар, Зөвлөх У.Хосжаргал төслийн менежмэнтийн талаар тус тус сургалт хийсэн юм.
Үдээс хойш сургалт үргэлжлэн УИХ-ын Тамгын газрын Иргэд, олон нийттэй харилцах газрын дарга Х.Мөнхбилэг Монгол Улсын Их Хурлын брендинг, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ч.Ариунхур УИХ-ын Тамгын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон 2025 онд хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.