Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Парламентын номын сан хамтран “Хүнсний нэр томьёоны толь” гурван боть номыг танилцуулж, зохиогч, уншигчдын уулзалтыг өнөөдөр /2025.03.13/ зохион байгуулав.
Уулзалтад номын зохиогчид болон УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, холбогдох яам, агентлагийнхнаас гадна нийслэлийн иргэдийн төлөөлөл, парламентын номын сангийн уншигчид зэрэг 50 гаруй хүн оролцлоо. Энэхүү “Хүнсний нэр томьёоны толь” нь мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, ус, ундааны үйлдвэрлэл, лабораторийн тоног төхөөрөмж, хүнсний үйлдвэрлэл, хоол зүй, шим тэжээл, салбарын хууль, эрх зүй болон хүнсний аюулгүй байдал зэрэг 25,000 гаруй үгийн сантай, монгол, англи, орос хэл дээрх нэр томьёог монгол бичигт хөрвүүлсэн гурван боть бүтээл юм.
Хүнсний технологийн салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид хүнсний салбарын шинжлэх ухаан, үйлдвэрлэл, практик үйл ажиллагаанд өргөн хэрэглэгддэг нэр томьёоны тодорхойлолт, хэллэгийг жигдрүүлж цэгцлэн, уншигчдад ойлгомжтой хэлбэрээр, мэргэжлийн өндөр түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хянан нягталсан толийг бүтээжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.