Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилгоор Улсын Их Хурлын даргын захирамжаар “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан.
Тус ажлын хэсгээс “Нээлттэй парламент” хөтөлбөрийг нэг сарын хугацаанд зохион байгуулж, дотоод болон гадаадын, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 100 шилдэг оюутныг сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулсан.
Энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэн дээрх 100 оюутнаас хоёрдугаар шатанд 30 оюутныг сонгож, “Parliament internship” хөтөлбөрийг дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо.
Өнөөдөр /2025.03.10/ тус хөтөлбөрийг нээлтийн үйл ажиллагаа болсон бөгөөд хөтөлбөрт шалгарсан 30 оюутан 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл УИХ-ын тамгын газар болон дэргэдэх байгууллагуудад цалинтай дадлага хийнэ.
Оюутнууд тус хөтөлбөрт хамрагдсанаар хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, УИХ-ын гишүүд, албан хаагчид, бусад салбарын оюутан залуустай харилцаа холбоо тогтоох, УИХ-ын Байнгын хороодын өдөр тутмын болон Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд оролцоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.