XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийн шинийн нэгний өглөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал нар Гандантэгчинлэн хийдэд морилж, Мэгжид Жанрайсэг бурханд хүндэтгэн мөргөж, Монголын төр түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөв.
Төр, засгийн удирдлагууд шинийн нэгний өглөө өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урласан Очирдарь шүтээн, Мэгжид Жанрайсаг бурханд мөргөж, мандал өргөдөг уламжлалтай.
Мандал өргөх ёс нь бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг “Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг” сударт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. Мандал гэдэг нь самгарди үг бөгөөд “Шимийг авах” гэсэн утгыг хадгална. Мандалыг багш болон чухаг 3 тэргүүтэнг баясган тахиж хилэнц бүхнийг арилган буян чуулганыг хураахын тухайд бодьтойгоор болон сэтгэлээрээ хувиргаж өргөдөг юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.