Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дарга Ван Хунинтай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.02.26) Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны дарга Ван Хунинтай Ардын Их Хурлын ордонд уулзлаа.

Уулзалтын эхэнд Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн дарга Ван Хунин Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг Хятадын тал чухалчилдаг болохыг тэмдэглэж, хоёр улсын дээд, өндөр түвшинд тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгож, хоёр улсын ард түмэнд үр өгөөжийг хүртээхийн төлөө байгааг илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын шинээр бүрдсэн парламентын онцлог, үзэл санаа, зорилтын талаар танилцуулж, хууль, эрх зүйн орчинд шинэчлэл хийх хүрээнд “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж байгааг тодотголоо. Түүнчлэн, хоёр улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг улам бэхжүүлэх хүрээнд ирэх онд батлагдан хэрэгжих БНХАУ-ын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл, зорилтуудыг тусгах нь хоёр орны өндөр, дээд түвшний удирдлагуудын тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох эрх зүйн орчныг бүрдүүлж, хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх чухал ач холбогдолтойг илэрхийлэв.

ХАУТЗЗ-ийн Үндэсний хорооны дарга Ван Хунин БНХАУ-ын гадаад улс орнуудтай нээлттэй харилцах бодлого улам тэлж буйг дурдаад, хөрш орнууд, тэр дундаа Монгол Улстай найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмын дагуу хөгжлийн үр шимээ хуваалцахаа онцлон тэмдэглэлээ.

Талууд уулзалтын үеэр бүсчилсэн хөгжлийн хүрээнд Булган-Такашикен боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, өндөр технологи, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, өргөн хүрээнд нэгдсэн ойлголцолд хүрэв.

ХАУТЗЗ-ийн Үндэсний хорооны дарга Ван Хунин нь Хятадын Комунист намын гол идеологич хэмээн нэрлэгддэг онцгой улс төрч бөгөөд БНХАУ-ын  “Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлал”, “Хятадын мөрөөдөл”, “Хамтын хөгжил цэцэглэл” зэрэг голлох бодлогыг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл