Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Ирээдүйн шинжлэх ухаанч хотын Эрчим хүчний хөндий” цогцолбортой танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Монголын талын төлөөлөгчид “Ирээдүйн шинжлэх ухаанч хотын Эрчим хүчний хөндий” цогцолборт байрлах “Чайна энержи групп”-ийн BIPV(Building Integrated Photo Voltaics) төвд ажиллав.

БНХАУ нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх хүрээнд шинэ дэвшилтэт технологи, инновацид суурилсан эрчим хүчний эх үүсвэрийг бий болгож, эрчим хүчний ногоон шилжилтийг хэрэгжүүлж буйгаа танилцууллаа. Тухайлбал, барилгын дээвэр болон фасад нь эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглээгээ хангаж эхэлжээ.

2024 оны эцсээр Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн 42 хувийг нар, салхины цахилгаан станц эзэлж буй нь сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж буй хамгийн тод жишээ гэдгийг тодотголоо. Хятадын баруун хойд бүс нутаг сэргээгдэх эрчим хүчний нөөц их боловч эрчим хүчний хэрэглээ багатай. Харин зүүн бүс нутаг эрчим хүчний хэрэглээ өндөр боловч нөөц бага байдаг байна. Тиймээс зүүн хэсгийн эрчим хүчний өндөр хэрэглээг хангахын тулд барилгын дээвэр, хана зэргийг фотоволт аргаар буюу нарны үүсгүүртэй болгож, далайд нарны цахилгаан станц барьж буй нь үр ашгаа өгч эхэлсэн талаар BIPV төвийн мэргэжилтнүүд онцлов.

Ийнхүү Хятад улс нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтын шинэ технологи, шинэ хэлбэрийг эрэлхийлж, амжилттай туршиж хэрэгжүүлж байна.

БНХАУ-ын Бээжин хотын Ирээдүйн шинжлэх ухаанч хотын Эрчим хүчний хөндий”-д 700 гаруй технологийн компани байрладаг бөгөөд аж үйлдвэржилтийн кластер хөгжлийг бодитоор хэрэгжүүлж буй жишиг болж байна. Устөрөгч, зай хураагуур, шинэ үеийн нар, салхины технологи болон нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн гаргах зэрэг олон инновацын шинэ шийдлүүдийг бий болгож байгаа талаар дурдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл