Цэс

Холбоо барих

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН 2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ ТОЙМ

Байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор байгуулагдсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон 2011 онд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Г” танхимд боллоо.

Ажлын дэд хэсгийн хуралдаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, тус яамны мэргэжилтэн Р.Нарантуяа, Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү, Гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын зөвлөлийн тэргүүн С.Энхбат, Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ, “MDS” хууль зүйн фирмийн хуульч Д.Дүгэржав, гэр бүл судлаач, эрдэмтэн Т.Намжил, хүүхэд, гэр бүл судлаач Ц.Түвшинтөгс, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны зөвлөх О.Баяраа, референт М.Отгон нар оролцов.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай ажлын дэд хэсгийн хуралдааныг удирдан чиглүүлж, ажлын дэд хэсгээс гаргасан хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёолол тус бүр дээр гишүүд саналаа хэлж, харилцан ярилцлаа.

Ажлын дэд хэсгийн гишүүд гэр бүлийн гишүүдийн харилцан ойлголцлыг дэмжихэд чиглэсэн гэр бүлийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг насан туршийн боловсролтой уялдуулахыг санал нэгтэйгээр дэмжив. Харин Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн иргэн, ахмад багш Л.Балжиннямын ирүүлсэн олон эхнэртэй байж болох, нагацын талтай ураг барилдахыг зөвшөөрөх, авгын талаас гэрлэхийг хориглох зэрэг саналыг хуулийн төсөлд тусгах боломжгүй гэж үзлээ. Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү төслийг Иргэний танхимаар хэлэлцүүлэх үеэр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн талаар гарсан зарим нэг саналыг хуулийн төсөлд тусгах саналтай байгаагаа илэрхийлэв.

Ажлын дэд хэсгийн хуралдаан 15.40 цагт өндөрлөлөө.

НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

УХААНЫ БАЙНГЫН ХОРООЫН АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл