Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Хүний эрүүл мэнд, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой хоол хүнсний стандартад хайхрамжгүй хандаж байна

“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг 3 дахь өдрөө үргэлжилж байна. Тус хэлэлцүүлгийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дарга, гишүүдээс тодрууллаа.


УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Салбарын хөгжлөөсөө стандарт нь хуучирсан, лабораторийн хүчин чадал муудсан зэрэг асуудлыг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж байна

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал: Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх, бидний өдөр тутмын амьдралын амин чухал асуудал болох барилга, эрүүл мэнд, хүнсний салбар, хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудал, шийдлийг гурван өдөр хэлэлцлээ. Давхардсан тоогоор 1400 гаруй төлөөлөгч хэлэлцүүлэгт оролцлоо. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй бөгөөд талуудын санал хүсэлтийг тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Салбар бүрт олон асуудал бий. Тэдгээр асуудлыг хэрхэн шийдэх талаар мэргэжлийн хүмүүсээс санал хүлээн авлаа. Хэлэлцүүлэг үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна. Салбарынхан дуу хоолой нэгтэйгээр асуудлаа ярьж, шийдлээ эрэлхийллээ. Салбар хэлэлцүүлэг тус бүрээс зөвлөмж гарсан. Тус зөвлөмжийг хуулийн төсөлд тусгаж, холбогдох байгууллагууд шаардлагатай шинэчлэлийг хийхэд Ажлын хэсгээс дэмжлэг үзүүлнэ. Салбарын хөгжлөөсөө стандарт нь хуучирсан, лабораторийн хүчин чадал муудсан зэрэг асуудлыг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж байна. Томоохон шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна.


УИХ-ын гишүүн М.Мандхай: Салбар дундын уялдаагүй байдал хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд том чөдөр болж байна

Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай: Улсын хэмжээнд стандарт хангалтгүй, хүртээмжгүй байгаагаас олон эрсдэл бий болж байна. Үүний нэг нь хүнсний аюулгүй байдлын асуудал юм. Ялангуяа хөдөө, аж ахуйн үйлдвэрлэл, үйл ажиллагааг өргөжүүлэхэд стандартын асуудал чухал. Манай улсын хүнсний бүтээгдэхүүний 70 орчим хувь нь импортоор орж ирдэг. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд 167 төрлийн шинжилгээ хийхээс 12-ыг нь гаалийн байгууллага шинжилдэг гэх асуудлыг хөндөж байна.

Мөн салбар дундын уялдаа холбоо чухал байна. Процессын хувьд жишээлбэл, импортын хүнсний худалдаалдаг дэлгүүрүүд үйл ажиллагаагаа өргөтгөснөөр дотоодын хүнс үйлдвэрлэгч байгууллагуудын бизнест сөргөөр нөлөөлдөг. Түүн дундах хүнд суртал, салбар дундын уялдаагүй байдал хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд том чөдөр болж байгаа нь харагдаж байна. Нэн яаралтай стандартыг хэрэгжүүлэх, шаардлагатай лабораториудыг өргөжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж болон шинжилгээний төрлүүдийг сайжруулж байж хүнсний аюулгүй байдал бүрэн хангагдах боломжтой. 


УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Зар сурталчилгааны стандартыг бодлогоор зохицуулах шаардлагатай

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун: Манай улсад хэрэгжиж байгаа стандартуудын зарим нь техник, технологийн хөгжлөө дагаад хуучирсан, шинэчлэх шаардлагатай байгааг харлаа. Салбар дундын уялдаа холбоо муу, стандартын талаарх мэдээлэл дутмаг байна. Иргэд, аж ахуй нэгж ямар стандарт мөрддөгийг мэдэхгүйгээс болоод үйл ажиллагаа явуулахад хүндрэл чирэгдэлтэй байдаг талаар хэлж байна. Ялангуяа хүний эрүүл мэнд, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой хоол хүнсний стандартад хайхрамжгүй хандаж байна. Хүнсний цагаан толгой олон улсад заавал яригддаг сэдэв. Сургууль болон цэцэрлэгийн хүүхэд юуг идвэл хортой, буцалгаж, хөлдөөвөл шинж чанар нь хэрхэн өөрчлөгдөх талаар хариулах хүн алга. Бага насны хүүхдүүд сошиалаар сурталчилсан чихрийг аваад идэж байна. Өөх тос яаж хэрэглэх учраа мэдэхгүй. Олон нийтийн сүлжээгээр хүмүүст буруу мэдээлэл өгч, бүтээгдэхүүнээ сурталчилж эрүүл мэндийг нь хохироож байна. Олон улсад энэ бүх асуудлыг зохицуулдаг. Хүнсний бодлого, түүний стандартыг боловсролын салбар, хүнсний салбарынхан бие бие рүүгээ түлхчихээд байж байна. Шим тэжээлийн мэргэжилтнийг сургуульд ажиллуулна гэхээс илүү зүйл ярихгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн хими, физикийн хичээлээр давсны найрлагыг ярихаас гадна хүний биед хэрхэн шингэдэг талаар ярих цаг болсон. Одооноос хүүхдүүдэд хүнсний цагаан толгойн талаар зааснаар ирэх 10, 20 жилд ахиц гарна. Мөн зар сурталчилгааны стандартын асуудлыг бид дурдсангүй. Хүүхдүүд хамгийн их үйлчлүүлдэг кино театр, олон нийтийн цахим сувгуудаар хүний эрүүл мэндэд хортой зүйлүүдийг сурталчилж байгаад ямар ч стандарт алга. Үүнийг бид ярих хэрэгтэй. Бодлогоор зохицуулж, стандарт гаргах ёстой. Хүүхдүүд ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн авахдаа орц найрлагыг нь харж мэдэхгүй байна. Энэ төрлийн хичээлийг хаана ч заахгүй байна. Би энэ асуудалд түлхүү анхаарлаа хандуулж ажиллана. Ирэх долоо хоногт Боловсролын яамны холбогдох хүмүүстэй уулзалт хийж, сургалтын хөтөлбөрт тусгах асуудлыг ярилцана.

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл