Цэс

Холбоо барих

Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг: УИХ-ын дарга чуулганы завсарлагаанаар 19 мянга гаруй иргэдтэй уулзлаа

Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэгтэй ярилцлаа.

-Улсын Их Хурлын анхны ээлжит чуулган өндөрлөлөө. Намрын чуулганы “нэрийн хуудас” болох ажил гэвэл Та юуг онцлох вэ?

-Шинэ парламент бүрдэж анхдугаар, ээлжит бус, намрын ээлжит чуулган болон анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан хийлээ. Анхны 126 гишүүнтэй Улсын Их Хурал цаг үеийн яаралтай болон төлөвлөсөн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхэд гишүүдийн ажиллах нөхцөлийг хангаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрынханд юуны өмнө талархал илэрхийлмээр байна. Гишүүдийн тоо нэлээд нэмэгдсэн, тэр дундаа 64 хувь нь анх удаа сонгогдсоноос гадна энэ чуулганаар  яаралтай горимоор хэлэлцсэн хуулийн тоо 2.4 дахин нэмэгдсэн зэрэг шинэ нөхцөл байдалд Тамгын газрын зөвлөх, ажилтнууд өндөр ачаалалтай ажилласан нь тодорхой.

Энэ хугацаанд Улсын Их Хурал 52 хууль, 57 тогтоол баталсан. Эдгээрээс чухал биш гэх шийдвэр нэг ч үгүй. Бүгд чухал. Гэхдээ өмнөх парламентын өмнө тулгарсан ч олон шалтгаанаар хойш тавигдаад байсан асуудлыг энэ удаагийн парламентын гишүүд анхны ээлжит чуулганаар шийдэж чадсан гэдэг утгаар авч үзвэл зарим мега төслүүдийн эрх зүйн үндсийг шийдсэн нь намрын чуулганы “нэрийн хуудас” байх болов уу.

Харин парламентын институц өөрийн бүрэн эрхийн хугацааны хэтийн төлөв, анхаарах асуудлыг тодорхойлсон гэдэг өнцгөөр авч үзвэл Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө болон Улсын Их Хурлын даргын захирамж, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгүүд бол онцлох ажил мөн гэж хэлмээр байна. Парламент ирэх 4 жилд юунд анхаарч, ямар хуульд төвлөрөх дүн нуруу эдгээр ажлын хэсгийн нэр, чиглэл болон стратегаас харагдана.   

-УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын гол онцлогийг тодорхойлбол?

-Парламентын чиг үүрэг, хийдэг ажил өмнөхийн адил хэвээр байгаа. Тэгэхлээр энэ удаагийн парламентын ажлын гарааны цаг үед онцлогийг эрье гэвэл бүрэлдэхүүн болон гишүүдийн үг хэлж, асуулт асууж байгаа чиглэлээс харж болох юм.

9 дэх удаагийн сонгуулийн дүнд эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 25.4 болж Азидаа тэргүүлэх болсон нь эерэг үзүүлэлт. Дэлхийн дундажид хүрч байна гэсэн үг. Мөн сонгуулийн холимог тогтолцоо нэвтэрсэн нь парламент 5 нам, эвслээс бүрдэж солонгорсон, хоёрт, салбарын мэргэшсэн хүмүүсийн төлөөлөл парламентад орж ирсэн сайн талтай болжээ. Хамгийн гол нь тэд мэргэшсэн салбар, чиглэлээрээ дуу хоолойгоо тогтмол, идэвхтэй хүргэж байгаа нь энэхүү холимог тогтолцооны давуу талыг мэдрүүлж байна. Ер нь юманд уур амьсгал гэж нэг зүйл ажиглагдах нь бий. Тухайн салбартаа мэргэшсэн, туршлага бүхий гишүүд голыг нь олж, учрыг нь гаргаж үг хэлж, асуулт асуухад сонгогчид асуудлын нарийн ширийнийг ойлгож авахад дэмтэй байгаа нь харагдаж байна. Энэ соёл нь цаашид парламентын мэтгэлцээн мэргэшсэн байдлаар өрнөхөд түлхэц болно. 

-Чуулганы эхлэл дээр Улсын Их Хурлын дарга “Гурван төгөлдөршил” үзэл санааг дэвшүүлсэн. Хүн төвтэй байх энэ үзэл санааны үүднээс харахад Улсын Их Хурлын шийдвэр, баталсан хуулиуд хүний эрхийн мэдрэмжтэй гарч чадаж байна уу?

-Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4.8-д “Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ.” гэж заасан. Парламент нь стратеги төлөвлөгөөтэй байдаг улс орнууд бий. Гэхдээ чиг хандлага нь Тамгын газар нь стратеги төлөвлөгөөтэй байх руу явж байгаа юм байна лээ. Монголын хувьд энэ заалт одоогоор байж байх ёстой гэж боддог. Учир нь Хууль тогтоомжийн тухай хуулиар УИХ тухайн бүрэн эрхийнхээ хугацаанд боловсронгуй болгох хууль тогтоомжийн жагсаалтыг үндсэн чиглэл байдлаар баталдаг байсан. Гэвч 2 жилийн өмнө хуульд өөрчлөлт орж энэ үндсэн чиглэлийг Засгийн газар өөрөө санаачлах хуулийн төслүүдийнхээ хүрээнд л баталдаг болсон.

Тэгэхлээр шинээр бүрдсэн парламент 4 жилдээ юу хийх, юунд илүү төвлөрөх, иргэдтэй харилцах, төлөөлөл болж ажиллахдаа дэвшилтэт ямар арга барил, механизм нэвтрүүлэх, ажлын албаа хэрхэн хөгжүүлж чадавхжуулах, цаашлаад бусад улсын парламент, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлж тэлэх зэрэг нийтлэг асуудлуудаа эхнээсээ тогтож авахад стратеги чухал байгаа юм.

Энэхүү стратегийг тодорхойлохтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга “Гурван төгөлдөршил” санаачилга дэвшүүлсэн. Энэ бол хууль хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн байх, иж бүрэн зохицуулалттай ойлгомжтой байх ёстой гэсэн үзэл санаа.

Хүн төвтэй хууль гэж товчоор хэлбэл, хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарлаж байгааг засаж залруулах, хууль хэнийг ч ялгалгүй хэрэгждэг байх, хуулийн бичилт техник хүнд ээлтэй байх тухай юм.

Хүн төвтэй хуультай болохын тулд хуульд өөрт нь байгаа хүний эрхийн зөрчилтэй заалтуудыг судлан засах шаардлага байгаа. Хууль хэнийг ч ялгалгүй хэрэгждэг байхын тулд парламентын хувьд хяналт шалгалтын чиг үүргээ үр нөлөөтэй, оновчтой хэрэгжүүлэх асуудал хөндөгдөнө. Хуулийн бичилт техник хүнд ээлтэй байна гэдэг нь хуулийн төсөл боловсруулах техник, шаардлагыг өндөрсгөж хөгжүүлэх, илүү тодорхой болгох, хуулийг олж унших, дотроос нь хэрэгтэй хэсгээ хурдан шуурхай хайж олоход хүртэл хүндээ хялбар болох ёстой гэсэн үг юм.    

Нийгэм, эдийн засгийн хөгжил, технологийн дэвшилээс үүдэлтэй шинэ тутам бий болж буй харилцааг хуулиар цаг алдалгүй зохицуулдаг байх нь цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хуультай байх ёстойг харуулж байна. Хуулийг өөрчлөх шаардлага үүслээ, эсхүл шинэ харилцааг хуулиар зохицуулах шаардлагатай боллоо гэх дохио санамжийг өгч байх ёстой гол механизм бол “хуулийн хэрэгжилтийг 5 жил тутам үнэлж байх” тухай Хууль тогтоомжийн тухай хуульд буй заалт юм. Гэвч энэ заалт хэрэгжихгүй байна. Тиймээс Улсын Их Хурлын дарга Гурван төгөлдөршил”-ийн бодлогод энэ асуудлыг хөндөж гаргасан бөгөөд Улсын Их Хурлын стратегид тусгалаа олсон байгаа.

Гурван төгөлдөршлийн гурав дахь бүрдэл нь хууль иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой байх тухай юм. 33 жилийн эрх зүйт ёсны хөгжлийн түүхийг эргэн харахад өнөөдөр хууль ба журмын зохист харьцаа алдагджээ. Тооны хувьд ч тэр, зохицуулалтын агуулгын хувьд ч тэр журам давамгайлж ирээд байгаа. Хуулиар зохицуулах харилцааг журмаар зохицуулах нь ихэссэн. Журам батлах талаар хуульд заагаагүй байхад хуулиас нэг ерөнхий утгатай заалт олж аваад түүнийгээ бариад л дураар журам баталж иргэдийн нуруунд ачаа үүрүүлж байна. Үүнийг л зогсооё гэж байгаа юм. Мэдээж хэрэг журам буюу захиргааны хэм хэмжээний акт зохих хэмжээнд байх ёстой. Гагцхүү журам батлах эрх олгох гэж байгаа бол журмын хүрээ хязгаар, үндсэн агуулга, хэзээ яаж батлах зэргийг хуулиудад нь тусгадаг байх, түүнчлэн ер нь юуг журмаар зохицуулж болох, болохгүйг тодорхой болгоё гэж байгаа.

-Хүний эрхийн зөрчилтэй хууль тогтоомжийг хүчингүй болгох чиглэлээр парламент хэрхэн ажиллав? Үр дүн гарав уу?

-Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.” гэж бий.

Энэ бол нэгд, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах бол зөвхөн хуулиар хязгаарлаж болно, гол нь журмаар хязгаарлахгүй шүү гэсэн санаа, хоёрт, хязгаарлах тохиолдолд ямар хэмжээнд хязгаарлаж болох вэ гэх асуудал юм. Түүнчлэн Үндсэн хуульд зөвхөн хуулиар зохицуулахаар заасан нэлээд олон харилцаа бий.

Тиймээс одоо үйлчилж байгаа хуулиуд дахь хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, арилгах болон ирээдүйд батлах хуулиудад хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байх гэсэн 2 талаас нь авч үзэх хэрэгтэй байгаа. Энэ талаар эхний ажлууд хийгдээд явж байна.

Ирээдүйд батлагдах хуулиудын хувьд анхнаас нь энэ шаардлагаа тавиад явах нь чухал. Энэ асуудал Дамдины Цогтбаатар нарын 9 гишүүний өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгагдсан. Хаврын чуулганаар төслийг хэлэлцээд явах болов уу гэсэн хүлээлт байна.

Харин нэгэнт батлагдчихсан, хэрэгжээд явж байгаа 900-гаад хуулиа бүгдийг нь эргэн харж Үндсэн хуулийн энэхүү зарчим, үзэл санааны үүднээс дүн шинжилгээ хийх, засаж залруулах хэрэгцээ шаардлага байгаа. Судалгааг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн дангаар хийх боломжгүй. Их Хурал бүрдсэнээс хойш Хүрээлэнд судалгаа, лавлагааны 60 гаруй захиалга гишүүд, ажлын хэсгээс ирж нэлээд ачаалалтай байгаа. 

Харин энэ ажлыг хөндлөнгийн мэргэжлийн, судалгааны байгууллагатай хамтарч  хийх боломжтой. Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний 1.1-д “Хууль тогтоомжид хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байна.”, 1.2-т “Хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, хүн төвт үзэл санаанд суурилсан арга барил, хууль зүйн техникийг нэвтрүүлсэн байна.” гэж тусгагдсан. Үүнд үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газар Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагатай хамтын ажиллагаа өрнүүлэхээр баримт бичгүүд зурагдсан. Тиймээс хуулиуд дахь хүний эрхийн зөрчилтэй заалтыг судалж, санал боловсруулах ажил энэ хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлуудын нэг нь байх юм.

-Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгт олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан. Анх удаа бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хориг, мөн анх удаа “нэг удаагийн түр хууль” хэлэлцэж яригдсан гэх мэт эрх зүйн мухардлуудтай тулгарсан нь олны анхаарлын төвд байлаа. Үүнээс ямар дүгнэлт хийх шаардлагатай гэж харж байна вэ?

-Улсын Их Хурал тодорхой асуудлыг хэлэлцэхэд хуралдааны дэгийн зохицуулалт дутах, ойлгомжгүй байх зэрэг асуудлууд тохиолдох нь бий. Энэ мэт үүссэн практик, бодит байдалд үндэслэн Улсын Их Хурал ямар асуудлыг ямар дэгээр хэлэлцэхээ байнга сайжруулж, боловсронгуй болгоод явдаг. Төсвийн хуульд бүхэлд нь тавьсан хоригийг яаж хэлэлцэх дэгийг хуульд нарийвчлан зохицуулаагүй байсан тул зөвлөхүүд бидний хувьд эрх зүйн гаргалгааны хэдэн хувилбарын талаар Улсын Их Хурлын даргад тухайн үед зөвлөж байсан. Улсын Их Хурлын гишүүдийн шийдвэрлэсэн тэрхүү хэлбэр бол эрх зүйн хувьд байж болох хувилбарын нэг байсан гэж хэлмээр байна. Хуралдааны дэгийн хууль тогтоомжийн талаар энэ мэт асуудал гарвал Тамгын газар тэмдэглэн авч, дараа дараагийн хуулийн өөрчлөлтөд тусгахаар бэлтгэл хангадаг байсан тогтсон уламжлал, арга барилтай. Дэгийн хууль тогтоомжийг сайжруулах асуудал сөхөгдөхөд энэ нь нэн тэргүүнд зохицуулж оруулах асуудал болох учиртай.

-УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдаж, хэлэлцүүлэг зохион байгуулж, намрын чуулган завсарласан ч ажилласаар байгаа. Үүний цаад зорилго, үр дүн нь юу юм бэ?

-Парламентын үндсэн чиг үүрэг бол хууль тогтоох, хуулийн биелэлтийг хянан шалгах юм. Өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаасанд тооцдог зохицуулалттай. Тиймээс шинээр бүрдсэн аливаа парламентын хувьд ажил руугаа цаг алдалгүй орох, үндсэн чиг үүргээ шуурхай хэрэгжүүлж эхлэх асуудал хөндөгддөг. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлын дарга хууль цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцэж байх ёстой гэсэн зарчмын үүднээс хандаж тулгамдсан, шинэ тутам үүсэн олон харилцаа байгааг анхаарч 58 ажлын хэсгийг байгуулсан.  

Эдгээр ажлын хэсгээс 4 нь ажлаа дуусаж хуулийн төсөл өргөн баригдаж, дүгнэлт саналууд гараад байна. Намрын чуулганы хугацаанд эдгээр ажлын хэсэг нийт 131 удаа хуралджээ. Холбогдох чиглэлээр олон нийт, мэргэжилтнүүдийн дунд 43 хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж нэлээд идэвхтэй ажиллаж байна. 7 ажлын хэсэг нь Засгийн газраас өргөн мэдүүлэхээр бэлтгэл хангаж байгаа хуулийн төсөл, судалгаатай танилцаж шийдвэр гаргахаар ажил нь хүлээгдэж байна. Үүний зэрэгцээ 5-6 ажлын хэсгийн гүйцэтгэл зарим шалтгаанаар сул байгаа. Эдгээр ажлын хэсэгт арга зүй, мэдээллийн туслалцааг эрчимжүүлэх арга хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газар авч байгаа гэсэн. 

-Чуулганы завсарлага бол иргэдийн санал бодол, дуу хоолойг сонсох хуулиар олгосон цаг хугацааны боломж. Улсын Их Хурлын даргын хувьд уулзалтууд нэлээд хийгдэж байх шиг байна. Иргэд ямар асуудлыг илүү хөндөж байна?  

-Улсын Их Хурлын дарга чуулганы завсарлагын хугацаанд орон нутагт ажиллаж Улсын Их Хурлын шийдвэр, үйл ажиллагааг иргэдэд танилцуулах, санал бодлыг сонсох, хуулийн хэрэгжилттэй танилцах арга хэмжээ, уулзалтуудад оролцлоо. Одоогоор нийт 38 суманд очиж ажиллаад байна. Малчид, бизнес эрхлэгчид, хоршоологчид, ахмадууд, хуульчид, ахлах ангийн сурагчдын төлөөлөл зэрэг 19 мянга гаруй иргэдтэй уулзлаа.

Иргэд олон асуудлаар санал бодлоо хэлж, илэрхийлж байна. Тэдгээрийг сонсоод өнгөрөх биш ажил хэрэгч хандаж, асуудлын мөрөөр арга хэмжээ авах нь чухал гэж Улсын Их Хурлын дарга үзэж байгаа. Тухайлбал, цахилгааны үнийг хэрэглээний түвшингээр нэмэхдээ халаалтаа цахилгаанаар шийдсэн иргэдэд төлбөрийн илүү их дарамт үүсгэсэн байна. Тэдний цахилгааны төлбөр өмнөхөөс 30 гаруй хувь биш, харин 80-аас дээш хувиар нэмэгдээд байгаа талаар маш олон иргэд хандсан. Үүний дагуу Улсын Их Хурлын дарга холбогдох газарт иргэдийн санал, гомдлыг шуурхай мэдэгдсэний дүнд шөнийн халаалтын хөнгөлөлтийг илүү өргөжүүлсэн хариу арга хэмжээ аваад байна.

Түүнчлэн төгсөх ангийн сурагчид ЭЕШ-ыг нэлээд хугацааны өмнөөс урьдчилан төлөвлөж хичээлээ сонгож бэлтгэдэг. Гэтэл одоо багцаар нь хичээлээ сонгож ЭЕШ өгч байгаа журмыг өөрчилж 2026 оноос өргөтгөсөн хэлбэрээр авах шинэ журам хэрэгжих гэж байсан. Энэ нь хичээлээ сонгон бэлтгэлээ хэдийнээ эхэлсэн 10, 11 дүгээр ангийн сурагчдын хувьд хохиролтой байна гэж сум бүрт уулзсан сурагчид хэлж байсан. Энэ асуудлын нөхцөл байдлыг Боловсролын яаманд тавьж, улмаар тухайн журмын хэрэгжилтийг 2 жилээр хойшлуулж суралцагчдын эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хэрэгжүүлэхээр болоод байна.

Аймаг, сумдад хийсэн уулзалтаар иргэд хэрэглээний зээлийн хүү өндөр байгааг бууруулах эрх зүйн орчин бий болгох, шинэ хоршоо хөдөлгөөний зээл олголтыг идэвхжүүлэх, баруун бүс дэх ундны усны эрүүл ахуйг сайжруулах, боомтын үйл ажиллагаа сэргээн сайжруулах, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг анхаарах, усны нөөц буурсантай холбогдуулан хөв цөөрөм байгуулахад анхаарах, сургуулийн ариун цэврийн өрөө, халаалт, цахим ба танхимын хичээлийн зохион байгуулалтыг сайжруулах зэрэг нийтлэг асуудлуудыг хөндөж байна.

Орон нутагт ажиллахад иргэдийн хөндөж тавьсан асуудлуудыг Улсын Их Хурлын дарга цаашид анхаарлын төвдөө авч, хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудтай санал солилцох, асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, шаардлагатай тохиолдолд хуулийг боловсронгуй болгох зэрэг арга хэмжээ авч ажиллана.

Эх сурвалж: www.itoim.mn

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл