Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн шүүх, прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Завхан аймгийн Улиастай суманд ажиллах үеэрээ /2025.02.20/ аймгийн шүүх, прокурорын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Шүүх байгуулах тухай хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийн хүрээнд санал солилцож, шүүхийн байрны орчин нөхцөлтэй танилцав. Завхан аймагт анхан шатны хоёр, давж заалдах шатны нэг шүүх үйл ажиллагаагаа явуулж байна. Уулзалтын үеэр шүүхийн ажилтнууд харьцангуй тогтвор суурьшилтай ажиллаж байгааг танилцуулж, шинээр баригдах шүүхийн байрны төсөв, санхүүжилттэй холбоотой асуудлыг дэвшүүллээ.

УИХ-ын дарга энэ үеэр шүүхийн байр, хуралдааны танхим, архивын өрөө зэрэгтэй танилцаж, УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна хэмээн тодотгоод шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх талаар хэлэлцэж тогтлоо.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангахын тулд салбарын хууль тогтоомж амьдралд нийцэхүйц байх нь чухал гэдгийг тэмдэглэсэн юм. Завхан аймгийн нийт хүн амын 11 хүн тутмын нэг нь шүүхээр үйлчлүүлдэг аж. Иргэдийн шүүхээр хамгаалуулах эрхийг улам баталгаажуулж шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар шударга ёсыг тогтооход шаардлагатай системийн өөрчлөлт, тогтолцооны шинэтгэлийн талаар алба хаагчдын байр суурийг нээлттэй сонсож ажиллахаа мэдэгдсэн юм. Цаашлаад шүүхийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, хэрэг, маргааныг хуулийн хугацаанд шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын хүрээнд санал солилцов.

Мөн уулзалтын үеэр хууль тогтоомж хүний эрх, эрх чөлөөг ямар нэгэн байдлаар хязгаарлах эсхүл хэн нэгэнд илт давуу байдлыг олгох зэргийг арилгаж, бичилт, техникээсээ эхлээд хүндээ ээлтэй байх бодлогыг энэ удаагийн парламентаас хэрэгжүүлж буй талаар танилцууллаа.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Улиастай суманд зохион байгуулж буй “Амар байна уу 2025” сар шинийн үзэсгэлэн худалдаагаар зочиллоо. Аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт болж буй уг үзэсгэлэн энэ сарын 20-24-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нутгийн онцлох бүтээгдэхүүнүүд, уламжлалт эдлэл, хэрэглэлүүд, үндэсний хувцас, гар урлалын бүтээлүүдийг дэлгэжээ.

УИХ-ын дарга уг үзэсгэлэнгээр зочлох үеэрээ Завхан аймгийн сумдаас зорьж ирсэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоологчид, малчид, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнтэй танилцаж, үйл ажиллагаа  болон тулгамдаж буй зарим асуудлаар ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл