Улсын Их Хурлын даргын 82 дугаар захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Дархан-Уул, Орхон аймагт ажиллалаа.
Энэ хүрээнд Дархан-Уул, Орхон аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулан салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут хууль, эрх зүйн орчныг сайжруулж, бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлагын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг дэмжихэд төрөөс барьж буй бодлого шийдвэрийн талаар тус тус танилцуулж, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг нь сонслоо.
Хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгчид бичил бизнесийг дэмжих бодлого хангалтгүй байгааг хөндөхийн зэрэгцээ, татварын хувь, хэмжээг бууруулах, кластераар хөгжүүлэх, төрөөс бодлогоор дэмжиж буй салбарын төрлийг олшруулах, борлуулалтын шинэ сувгуудыг нээх, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал хэлж байв.
Бизнес эрхлэгчидтэй хийх ажлын хэсгийн ээлжит уулзалт, хэлэлцүүлэг Булган, Хөвсгөл аймагт үргэлжилнэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Улсын Их Хурлын Хяналт шалгалтын газрын референт Х.Хэрлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах шинжээч Э.Сугарбаяр, Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Н.Энхтөр тэргүүтэй салбарын яамд, газрын холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.