Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Завхан аймгийн Тэс, Баянхайрхан сумдад ажиллалаа. Баруун бүсийн хөгжлийн тулгуур бодлогыг тодорхойлох, аймаг сумдад шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, парламентаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт иргэдийн дуу хоолойг тусгах зорилгоор Говь-Алтай, Ховд, Увс аймгуудын араас ийнхүү Завхан аймагт ажиллаж байна. Энэ оны улсын төсөвт Завхан аймгийн Улиастай хотын гуравдугаар цэцэрлэгийн өргөтгөл болон дулааны станцын хөрөнгө оруулалтуудыг шинээр тусгаснаас гадна Сонгино, Түдэвтэй сумын уулзвараас Арцсуурь боомт хүртэлх 159.5 км авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлал гээд өсөн нэмэгдэх өгөөж бүхий энэ чиглэлийн маршрут Тэс, Баянхайрхан зэрэг дөрвөн сумдын нутгийг дайран өнгөрөх бөгөөд сумын төвийн 1.5 хүртэлх км авто замыг төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар тусгасныг онцоллоо.
Баруун бүсийн аймгууд тус бүр хилийн боомттой бөгөөд одоогоор Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд Боршоо, Ярант, Цагааннуурын боомтуудтай авто замаар холбогджээ. Баруун бүсийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд аймгийн төвүүд, сумын төвүүдийг хилийн боомттой авто замаар бүрэн холбосноор бүсийн эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, төвлөрсөн зах зээлийг бий болгохоор зорьж байгааг УИХ-ын дарга тодотголоо.
Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд баруун бүс нутгийг эрчим хүчний төвлөрсөн төв болгон зарласантай холбогдуулан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх, эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгоход анхаарна гэлээ. Ингэснээр Завхан аймгийн эдийн засгийн бүтцийн ердөө 12 хувийг эзэлж байгаа аж үйлдвэрийн салбар хөгжиж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлснээр аймгуудын өрсөлдөх чадвар ч үлэмж дээшилнэ гэдгийг онцлов.
Арцсуурь боомт хүртэлх авто замын маршрут, чиглэлийг тогтохоос эхлээд хөрөнгө оруулалт нь олон жил хүлээгдсэн уг бүтээн байгуулалт ийнхүү эхэлж буйд Тэс, Баянхайрхайчууд баяртай байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн орон нутгийн иргэдийн зүгээс өргөн хэрэглээний бараа бүтээдэхүүний үнийн өсөлт тулгамдсан асуудал болж буйг хэлж байв. Үүнээс гадна бэлчээрийн доройтол, боловсон хүчний хомсдол зэрэг асуудлуудаас гадна архи, согтууруулах ундааны хэрэглээ газар авч байгаад эмзэглэж буйгаа илэрхийлсэн. Сумын төвийн барилгын халаалт доголдсон, анги танхимын багтаамж бага, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх газар, хүний хөгжлийн төвүүд байдаггүй зэрэг асуудлуудыг сурагчдын төлөөлөл дэвшүүлсэн бол сум дундын эмнэлгийг сэргээх, эрүүл мэндийн төвийг шинэчлэх зэрэг саналуудыг иргэдээс уламжиллаа.
Хоорондоо ойр, хүн ам сийрэг сумдын малчид нэгдэн, хоршоо байгуулж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн, зэргэлдээ сумдынхаа зах зээлд нийлүүлэх зэргээр газарзүйн байршлаа ашиглан орлогоо нэмэгдүүлэх бодит боломж байгаа талаар уулзалтад оролцогчид санал солилцлоо. Тухайлбал, нийт 8 сумтай хил залгаа орших Баянхайрханчууд энэ зах зээлээ ашиглаж, өвс тэжээлийн тариалалтаа эрчимжүүлснээр бүсийнхээ тэжээлийн төв болох ч боломжтой учраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эрчимжүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга хэлэв. Малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлд нийлүүлэхийн тулд анхан шатны боловсруулалтад малчид өөрсдөө анхаарах ёстойг ч мөн захилаа.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Завхан аймагт хийгдэх ажлуудаас танилцуулсан бол УИХ-ын гишүүн М.Мандхай “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгч, хоршооны сайн туршлагуудаас хуваацлаа. УИХ-ын даргын орон нутаг дахь томилолт Завхан аймагт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.