Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Увс аймгийн Зүүнхангай суманд ажиллав.
УИХ-ын дарга баруун бүсэд ажиллах үеэрээ ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзаж, суралцах орчин, материаллаг баазын хүртээмж, сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүний хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй сонссон юм. Зүүнхангай сумын ерөнхий боловсролын сургууль 1985 онд 320 хүүхдийн багтаамжтайгаар ашиглалтад орсон ч одоогоор 500 гаруй сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Анги дүүргэлт стандартаас хэтэрсэн, номын сан багтаамж муутай, сургуульд хоолны танхим байхгүйн улмаас гал тогооноос үдийн цайгаа зөөдөг зэрэг асуудлуудыг сурагчид ярьж байв. УИХ-ын дарга чанартай боловсролыг хүртээмжтэйгээр эзэмших хүүхдийн эрхийн асуудал нэн тэргүүнд эрэмбэлэгдэх учиртайг тодотгоод холбогдох шийдлүүдийг хэрэгжүүлэхийг орон нутгийн удирдлагуудад даалгалаа.
Үргэлжлүүлэн Зүүнхангай сумын иргэд, олон нийттэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжууд болон парламентаас дэвшүүлсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд мэдээлэл өглөө. Хүний эрхийг дээдэлсэн, төрийн үйл ажиллагааг бус иргэний асуудлыг шийддэг, цаг үеийнхээ шаардлагад нийцэхүйц иж бүрэн хууль, эрх зүйн орчныг цогцлоох нь “Гурван төгөлдөршил” бодлогын үндсэн зорилтууд гэлээ. Нийгмийн салбар бүрийн төлөөлөл бүхий шинэ парламентын гишүүд УИХ-ын даргын захирамжаар 80 гаруй ажлын хэсэгт хуваарилагдан салбар бүрийн хуулийн хэрэгжилтийг судалж, шаардлагатай бол хуулийн төслийг шинэчлэх ажлыг эхлүүлснийг тодотгов.
Улаанбаатар хотоос 1100 гаруй километрийн зайд орших Зүүнхангай сум эрс тэс уур амьсгалтайн зэрэгцээ зах зээлээс алслагдсан тул үнийн өсөлт тулгамдсан асуудлын нэг болсныг нутгийн иргэд хэлж байлаа. Зарим газар дэд бүтэц сул хөгжсөний улмаас сумынхан өвөлдөө эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад хүндрэлтэй, цаашлаад боловсон хүчин ч дутмаг байгааг хөндөн ярилаа. Малчдын хувьд нэг удаа зээл тэглэхээс илүү урт хугацаанд мах экспортлох боломжийг нээж өгөх нь бодитой дэмжлэг гэдгийг тодотгов. Нийслэлийн зах зээлрүү нийлүүлэхэд тээврийн зардал, шатахууны өртөг ихтэй учир Арцсуурийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлж, авто замын холболт хийснээр залуу малчдын амьжиргааг дээшлүүлэх чухал ажил болно гэдэгтэй санал нэгтэй байлаа.
Увс аймгийн хэмжээнд энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ хүрээнд Зүүнхангай сумын нутагт хөв цөөрөм байгуулах замаар усжуулалтын системийг шийдвэрлэж чадвал малын тэжээлээ өөрсдөө тариалахаас эхлээд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтойг орон нутгийн иргэд онцолсон юм.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, алслагдсан сумдад ажиллах үеэр орон нутагт боловсруулах үйлдвэр байгуулах саналыг иргэдийн зүгээс нийтлэг дэвшүүлж байгааг тодотгоод малчдын хувьд ч ялгаагүй малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг өрхийн хэмжээнд сайжруулах хэрэгтэйг хэллээ. Түүнчлэн Шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлсэн хоршоологчдын сайн жишгээс дурдав.
УИХ-ын даргын орон нутаг дахь томилолт Завхан аймагт үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.