Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн, тус дэд хорооны гишүүн Х.Баасанжаргал, Г.Очирбат нарын хамтаар өнөөдөр (2025.02.14) Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллав.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр түгээгдэж буй “Бага насны хүүхэд ногоон гэрлээр явган хүний гарцаар гарч байхдаа зам тээврийн осолд өртөж, амиа алдсан” гэх мэдээллийн дагуу Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Б.Дэлгэрсайхантай уулзаж тодруулга мэдээлэл авлаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 176 уулзвар байдаг бөгөөд 2023 онд 292 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн бол 2024 онд 535 явган зорчигч зам тээврийн осолд өртөн, үзүүлэлт ийнхүү огцом өссөн нь сэтгэл түгших нөхцөл болж байгааг албаны хүмүүс хэлж байв. Тодруулбал, 2023 онд зохицуулалттай явган хүний гарц дээр 16 явган зорчигч, зохицуулалтгүй явган хүний гарц дээр 276 явган зорчигч гэмтсэн. 2024 онд энэ тоо 535 болж 56.5 хувиар өсжээ. Энэ нь явган зорчигчийн болгоомжгүй байдлаас шалтгаалахаас илүүтэйгээр 100 хувь автомашин жолоодож яваа иргэд анхаарал болгоомжгүйгээс бусдын амь бие, эрүүл мэндэд ноцтойгоор халдсан үйлдэл байдгийг тайлбарлаж байлаа.
Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх буюу аюулгүй байдлын баталгааг хангах нь төрийн үүрэг. Энэ ч үүднээс Хүний эрхийн дэд хороо хүний эрх зөрчигдөж байгаа салбар, талбар бүр дээр очиж асуудлыг жижиг, том гэлтгүй шалтгаант холбоог нь тодруулахаар ажиллаж байгааг С.Эрдэнэболд гишүүн хэлж байв.
Ойрын хугацаанд Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотын 1,181 км замд тээврийн осол аюулыг бууруулахын тулд эрсдэлийн үнэлгээ хийж, ялангуяа бага насны хүүхдийг аюулгүй зорчих стандартыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг авах, судалгаа хийх чиглэлийг өглөө. Энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр гэхэд иж бүрэн судалгаа гаргах боломжтой бөгөөд үүний дараа холбогдох арга хэмжээнүүдийг нийслэл болон холбогдох яамд хамтран шат дараатай авах юм байна. Монгол Улсын иргэн бүр амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх стандартыг хангах нь чухал гэдгийг талууд ярилцаж ойрын хугацаанд шийдвэртэй алхмууд хийх боллоо.
Уулзалтад Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд болон Тээврийн цагдаагийн албаны дэд дарга бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах, Замын цагдаагийн газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Очирбат, Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Батболд, мөн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюун, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГазрын захирал Ч.Хувьзаяа нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.