Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар өнөөдөр (2025.02.12) Увс аймгийн Улаангом суманд ажиллах үеэр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, хууль батлагдах нэг хэрэг, харин батлагдсан хуулийг иргэд олон түмэнд ойлгуулан таниулах, хэрэгжүүлэн биелүүлэх, сахин мөрдүүлэх нь эрх зүйт төрийн хамгийн чухал бөгөөд хариуцлагатай үе шат мөн. Энэ үе шатанд анхаарал сулруулснаар хууль хэрэглээнд гажуудал, хийдэл, буруу ойлголт гарч, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болсон хууль дээдлэх ёс цалгардах, хүний эрх зөрчигдөх нөхцөл байдал ажиглагдаж байна. Ийм байдлыг өөрчлөх нь энэ удаагийн парламентын эрхэм зорилгын нэг юм. Намрын чуулганаар баталсан Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, парламентын боловсрол олгох талаар онцгойлон тусгасан. Энэ бодлогыг хэрэгжүүлж, бодит ажил хэрэг болгоход тус төвийн үйл ажиллагаа чухал юм. Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг байгуулж, Улсын Их Хурлын Тамгын газартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж буй зургаа дахь аймаг болж байна. Өнөөдрийн энэ ёслолын үйл ажиллагаа протокол, тэмдэглэл болоод дуусах ёсгүй. Улсын Их Хурлаас дэвшүүлсэн эрх зүйн “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг бодит амьдралд хэрэгжүүлэх, ажил хэрэгч, амьд хөдөлгөөн болон өрнөж, Увс аймагт хууль дээдлэх ёс хэрэгжиж байгааг улс даяар харуулах жишиг болсноор үр дүн нь хэмжигдэх болно. Төвийн үйл ажиллагаа хэзээд иргэдэд нээлттэй, ил тод, бүтээлч, шуурхай байх төдийгүй, хуулийг тайлбарлах, ойлгуулах, зөвлөгөө өгөх, зөвлөн туслах олон хэлбэрээр орон нутаг дахь төрийн бүх байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэдтэй нягт хамтран ажиллавал зохино. Тус төвийн бас нэг үндсэн зорилго, ач холбогдол бол хууль батлагдахаас өмнөх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж, идэвхжүүлэх, мөн өмнө нь батлагдсан хуулиуд, болон эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан дүрэм, журмууд амьдралд нийцэж буй эсэх талаар санал хэлэлцүүлэг өрнүүлэх, шаардлагатай бол өөрчлөх, санал хүсэлтээ D-parliament болон бусад олон хэлбэрээр илэрхийлэх боломжийг нь хангах замаар хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх явдал билээ. Үүний тулд тухайн хуулиар зохицуулах харилцаанд хамаарах бүх субъектүүдийн санал хүсэлтийг сонсдог хэлэлцүүлэг, шүүмж, мэтгэлцээн өрнүүлэх, сонсгол зохион байгуулах зэрэг олон шинэлэг арга хэлбэрээр ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэв.
Мөн энэ үеэр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Баттулга Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газраас энэхүү Хууль тогтоомж сурталчлах төвийг Улаангом суманд нээж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлж, хэрэгжүүлэх эрхийг хангаж, Хууль тогтоомж сурталчлах төвөөр дамжуулан цаашид үйл ажиллагаагаа явуулж, Улсын Их Хурал болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамтын ажиллагаа, олон нийтэд хууль сурталчлах ажлыг тогтмолжуулахад гол гүүр болон ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн, Швейцарын хөгжлийн агентлагийн Төв Азийн хэсгийн дэд дарга К.Энглер цахим мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг 2024 онд албан ёсоор зогсоохоор тогтсон хэдий ч Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн өмнөх хөтөлбөрүүд маш сайн үр дүнтэй хэрэгжсэн тул 2026 он хүртэл хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. Энэхүү Хууль тогтоомж сурталчлах төвийг орон нутагт байгуулснаар хүн бүр баталгаатай, бодит мэдээллийг илүү хялбар, шуурхай байдлаар олж авах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Мэдлэг, мэдээллийн хүртээмжтэй байдал нь улс орны цаашдын хөгжилд чухал үүрэгтэй билээ. Тиймээс энэ нь хүн бүрийн эрх, үүрэг, хариуцлага юм хэмээн цахим мэндчилгээндээ тодотгов.
Нээлтийн арга хэмжээ Улсын Их Хурлын Тамгын газар болон Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоорондын Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаагаар үргэлжлэв. Тус төвийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад талуудын хүлээх үүргийг тодорхойлж, хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллахаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Баттулга нар баримт бичигт гарын үсэг зурлаа.
Хууль тогтоомж сурталчлах төв нь Монгол Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарч буй шийдвэрийг олон нийтэд тухай бүр хүргэх, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулна. Үүний зэрэгцээ ЕБС-ийн сурагч, их, дээд сургуулийн оюутан, өсвөр үеийнхэнд ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч, парламентын боловсрол болон өсвөрийн парламент хөтөлбөрийг танилцуулах, оролцоог хангахад чиглэж ажиллах юм.
Мөн иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна эрх зүйн боловсрол олгох хүрээнд номын сангийн булан ажиллулах бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газраас “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023, 2024, 2025 оны дугаарууд, “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж” 21 боть ном, мөн Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг Монгол Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы танилцуулга ном зэрэг 1400 гаруй ширхэг ном, гарын авлага, эмхэтгэлийг нийлүүлэв. Нээлтийн арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Монголын түүхэн сурвалж бичгүүд” 33 боть номыг тус төвд гардууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй мэдээлэх, парламентын боловсрол олгох тухай хуулийн зохицуулалт болон стратеги бодлогын зорилт тусгагдсан. Уг зорилтын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.
Улсын Их Хурлын Тамгын газар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвийг үе шаттайгаар байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймагт байгуулаад байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.