Цэс

Холбоо барих

Ж.Золжаргал: Хувьцаат компаниудад технологийн болон үйл ажиллагааны шинэчлэл хэрэгтэй байна

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Үндэсний дата төв болон "Монгол шуудан", "Монголын цахилгаан холбоо" хувьцаат компаниудын үйл ажиллагаатай танилцсан байна. Тус байнгын хорооны дарга Ж.Золжаргалаас энэ талаар тодрууллаа.

-Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахад анхаарах ямар асуудлууд байна вэ?

-Хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон бодлого боловсруулахад анхаарах асуудлыг судлах, тулгамдсан асуудлыг шийдэх арга замыг тодорхойлох зорилгоор Байнгын хорооны үйл ажиллагаатай холбоотой бүхий л төрийн байгууллагуудаар явж ажиллах шаардлагатай байна.


Бид эхлээд Үндэсний дата төвийн үйл ажиллагаатай танилцсан. Монгол Улсын төрийн болоод олон нийтийн бүхий л мэдээлэл цахим руу шилжиж байна. Цахим шилжилт эрчимжихийн хэрээр мэдээллийн хадгалалт, ашиглалт хамгаалалт маш чухал болсон. Тиймээс энэ чиглэлээр Үндэсний дата төвд ямар ажлууд хийж байна,  ямар асуудал байгааг тодруулахаар  уулзалт хийв. Үндэсний дата төвийн үйл ажиллагаа харьцангуй чиглэлээ олж, тогтворжиж, сайн  ажиллаж байна. Гэвч тус компани олон улсын зэрэглэлээ нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай байна. Нэн тэргүүнд ногоон эрчим хүч ашиглах, аюулгүй байдлын 4 дүгээр түвшинг хангах зорилтоо биелүүлэхийг зорьж байна. Хоёрдугаарт, тус төв Дархан-Уул аймагт буй нөөц төвтэйгөө зэрэгцэн ажиллах техникийн нөхцөл бүрдүүлэх ажил удааширч байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж, нөөц төвийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадвал аюулгүй байдлын нөхцөл сайжирна. Түүний дараа аймгийн төвүүдэд Дата төвүүд үүсгэх төслүүд яригдаж байна. Аймаг бүрд байгуулагдах Дата төвүүдийг хооронд нь уялдуулах шаардлага үүснэ. Мөн давхардсан, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг бууруулахын тулд хиймэл оюун ухааныг төрийн үйлчилгээнд өргөнөөр ашиглах хандлага бий болсон. Хиймэл оюун ухаан ашиглахад өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай. Мөн тэдгээр тоног төхөөрөмжүүдийг хаана байршуулах вэ гэх асуудал яригдаж байна. Үндэсний дата төв дээр хангалттай хэмжээний орон зай байхгүй учраас цаашид хэрхэх талаар болон, шийдэл гаргах талаар ярилцсан юм.


-"Монгол шуудан" компанийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

 -"Монгол шуудан" хувьцаат компани эерэг баланстай, татвараа төлөөд ажиллаж байна. Өнөөгийн зах зээлийн хандлагаар тус байгууллага улс орон даяар түгээлтийн бизнес хийх бололцоотой өргөн сүлжээг эзэмшдэг. Энэхүү үйлчилгээг өргөжүүлэх ямар боломж байна, хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл авсан. Цаашид "Монгол шуудан" компани нэмж хувьцаа гаргах, стратегийн хөрөнгө оруулагчдыг татах зэргээр үйл ажиллагааны шинэчлэл хийхдээ анхаарах асуудлуудын талаар мэдээлэл авч, ярилцсан.  


- Харин "Монголын цахилгаан холбоо" хувьцаат компанийн үйл ажиллагаанд анхаарах ямар асуудал байна вэ?

- "Монголын цахилгаан холбоо" хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн л улс даяар салбартай, сум бүрд хүрсэн шилэн кабелиар телевизийн нэвтрүүлгийг дамжуулдаг. Тус компани улс орон даяар салбартай учир олон ажилтантай, балансаа мөн бариад явж байна. Ер нь төрийн оролцоотой хувьцаат компаниудыг цаашид хэрхэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Хэдийгээр алдагдалгүй ажиллаж буй ч  эдгээр байгууллагуудад технологийн дэвшил хийж, хөгжүүлж, шинэчлэх хэрэгтэй юм. Хөгжихийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатай боловч төсвөөс хөрөнгө оруулах нь оновчтой асуудал биш хэмээн үзэж байна. Тус компаниуд хувьцаа гаргах, хөрөнгө оруулагчдыг татах зэргээр ажиллахад  хууль, эрх зүйн орчныг дэмжээд ажиллах нь зүйтэй. Тус гурван байгууллагад ажилласан талаар байнгын хорооны хуралдаанаар ярилцаж, зөвшилцөнө.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл