Цэс

Холбоо барих

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан сумдын ахлах ангийн сурагчидтай уулзаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсох үеэрээ сумдын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын санал бодлыг сонсож байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Тайшир, Дэлгэр, Чандмань, Бигэр, Эрдэнэ, Цээл, Баянтоорой тосгон, Алтай, Халиун сум, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт сумын сурагчидтай уулзлаа.

Ерөнхий боловсролын сурагчид цахим сургууль, танхимын хичээлүүдийн цаг давхцаж буй нь хүндрэл учруулдаг, сумдын интернэт сүлжээний улмаас хоцрогдол үүсдэг, хими, биологи, физик зэрэг байгалийн шинжлэх ухааны хичээлийн анги танхимгүй, спорт заалгүй, мэргэжлийн багшгүйн улмаас шаардлагатай мэдлэгээ авч чаддаггүй, алслагдмал нутагт амьдардаг учраас унаа тээврийн асуудлаас үүдэж уралдаан тэмцээнд оролцож чаддаггүй, үдийн цай хөтөлбөрт хамрагддаггүй зэрэг олон чухал асуудлыг хөндөв.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ардчилсан нийгэмд төлөвшиж байгаа сурагчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж буйг сайшаагаад, та бүхний дуу хоолойг аймаг, сумдын удирдлагууд, УИХ-ын гишүүд анхааран сонсож, гаргаж буй шийдвэртээ тусган ажиллах ёстой гэлээ. Түүнчлэн, Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй “Сүү” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд долоо хоногийн гурван өдөр 150-200 мг сүү ууж байгааг дурдаад, аймаг орон нутгууд уг хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой талаар дурдлаа. Тодруулбал, хоршоо байгуулах замаар сумынхаа сурагчдын өдөрт уух сүүний хэрэглээг хангах, цаашлаад аймгийн хэмжээнд нийлүүлэлт хийх боломжтой. Тиймээс сурагчдын үдийн цай болон сүүний хэрэглээг хоршоод хангах талаар идэвхтэй ажиллахын чухлыг онцоллоо. Мөн Бигэр сумын спорт заалны засвар, Цээл сумын ерөнхий боловсролын сургуульд жижиг оврын автобус, Алтай сумын цэцэрлэгт гал тогооны төхөөрөмж, Баянтоорой тосгонд старлинк олгох зэрэг асуудлыг шийдсэнээс гадна цахим болон танхимын хичээлийн давхардлыг Боловсролын сайдад уламжлахаар тогтов.

Аймаг, сумдын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан орон нутагт нь ажиллах үеэрээ санал хүсэлтийг нь сонсохоор зорьж ирсэнд талархалтай байгаагаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл