Цэс

Холбоо барих

Сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв


Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 42 дугаар тогтоолоороо Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд өнөөдөр (2025.02.05) сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт хүний эрхийн зөрчил үүсгэж буй эсэх талаарх уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт хангагдаж буй эсэх талаарх энэхүү уулзалтад Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Татварын ерөнхий газрын удирдлага, албан тушаалтнууд оролцсон юм.


Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням төрийн аудитын байгууллагын Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулав. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар төрийн аудитын байгууллага зургаан чиг үүргийг хэрэгжүүлэх зохицуулалттай талаар дурдаад дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Энэ хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны сонгуулийн үеэрх хууль тогтоомжийн хэрэгжилт, аудитаар илэрсэн зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэсэн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.



Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн танилцуулсан мэдээлэл, Хүний эрхийн дэд хороонд ирүүлсэн иргэдийн гомдол мэдээлэлтэй холбогдуулан С.Эрдэнэболд дарга Сангийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудаас тодруулга, тайлбар авсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаарх саналаа албан бичгээр ирүүлэх хугацаатай үүргийг уулзалтад оролцож буй байгууллагуудын төлөөлөлд өгөв. Холбогдох төрийн байгууллагаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэн, боловсруулж холбогдох дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо болон Хууль зүйн байнгын хороо, шаардлагатай бол бусад Байнгын хороодод танилцуулах тайлан мэдээллийг боловсруулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл