Цэс

Холбоо барих

“Нээлттэй парламент” хөтөлбөрт оролцогчид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимтай танилцав

Залуучуудын төрийн байгуулалт, ардчилсан тогтолцоо, хууль эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлж, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй парламент-2025” дадлагажих хөтөлбөрт оролцож буй оюутнуудад Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр (2025.02.05) чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг танилцууллаа.

Төрийн ордон 1951 онд ашиглалтад орох үед эдүгээгийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхим кино театр байснаас эхлэн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент анх байгуулагдсан үе, 2024 оны ес дэх сонгуулиар бүрдсэн Улсын Их Хурал 126 гишүүнтэй болсон хүртэлх үеийн түүхийг Ерөнхий нарийн бичгийн дарга товч өгүүлж, тус танхимд Улсын Их Хурал дахь намын бүлгийн гишүүд, бүлэггүй намуудын төлөөлөл хэрхэн сууж ажилладгийг оюутнуудад тайлбарлав. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд улс төрийн таван нам, эвсэл парламентад суудал эзлэх болсныг тэрбээр онцлоод, урьд өмнөхөөс олон намын төлөөллөөс бүрдсэн парламент учир Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг илүү олон үзэл, хандлагаар өрнөж батлагдах боломж бүрдсэнийг тэмдэглэлээ.

Манай улсын парламентын эрх зүйн гол тулгуур хууль болох Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиуд, тэдгээрийн боловсронгуй болсон үйл явц, зохицуулж буй харилцааны онцлогийг танилцуулахдаа тэрбээр Улсын Их Хурал дахь намын бүлэг, түүний эрх, давуу тал, мөн Байнгын хороодын үйл ажиллагаа, хууль тогтоомж, тэр дундаа улсын төсвийн төслийг хэлэлцэх үе шатны тухай цухас дурдав.

“Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөр өнгөрөгч сарын 20-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 14-нд дуусах юм. Хөтөлбөрт дотоод болон гадаадын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын гурав, дөрөвдүгээр ангид суралцаж буй 1684 оюутнаас сонгон шалгаруулж шилдэг 100 оролцогчийг хамруулж байгаа ба тэднээс дараагийн шатны хөтөлбөрт 30 нь шалгарч үлдэх юм.

“Нээлттэй парламент-2025” хөтөлбөрт оролцож буй оюутнуудад чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг танилцуулах арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл