Цэс

Холбоо барих

Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд ард иргэдэд эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээгээр ажлаа тайлагнадаг болно

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар өнөөдөр (2025.02.03) Ховд аймгийн Алтай, Үенч суманд ажиллаж, иргэдэд Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагааг тайлагнан, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шинэ парламентын баримтлан хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулав. Тэрээр, Улсын Их Хурлын гишүүд ард иргэдэд тайлангаа тавихдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд баригдсан барилгын тоог танилцуулах биш, сонгогдон ажиллаж эхэлсэн үеэс хойших улс орны эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн сайжирсан талаарх хувь хэмжээгээр ажлаа тайлагнадаг болно гэдгийг онцоллоо.

Ховд аймгийн Алтай, Үенч сум нь Улаанбаатар хотоос 1500 гаруй километрийн зайд байрладаг ба алслагдмал сумын иргэд Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомжуудын талаар ийнхүү танилцуулж, санал хүсэлтийг нь сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.



Алтай сумын иргэдийн зүгээс Булган боомтын үйл ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэхэд анхаарал хандуулахыг хүсэв. Тус боомт нь зөвхөн Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн иргэдийн худалдаа эрхлэх, зах зээлээ өргөжүүлэх боломж гэдгийг том зургаар нь харж, анхаарч ажиллана хэмээн Улсын Их Хурлын дарга хэллээ. Тус сумын иргэд хэрэглээний зээлийн хүүг бууруулах боломж бий эсэхийг лавлаж байв. Шинэ парламент “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлж, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд боломж олгосон, зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж ажиллана гэдгийг Улсын Их Хурлын дарга хэллээ.



Үенч суманд энэ жил цэвэр, бохир усны болон дулааны шугам сүлжээ, Хөшөөтийн уурхайгаас Үенч сум хүртэлх 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл байгуулахаар төлөвлөж, шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгасан юм. Ингэснээр Үенч сум эрчим хүчний хязгаарлалтгүй болж, үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бүрдэнэ. Иргэд цахилгааны үнэ 30 хувь нэмэгдэнэ гэсэн ч огцом өсч, авч буй цалингийнхаа талыг цахилгааны төлбөрт өгч байгаагаа хэлж, энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байв. Цахилгааны төлбөрийн огцом нэмэгдлийг шалгуулж, тодруулахаар Засгийн газарт хандана гэлээ.


Улсын Их Хурлын даргын зүгээс 126 гишүүнтэй парламент алс хязгаар нутагт амьдран суугаа иргэдийнхээ санал хүсэлтийг байнга сонсож, төрийн эрх барих дээд байгууллагад дуу хоолой нь болж, анхаарлаа хандуулан ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл