Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар Говь-Алтай аймгийн 10 суманд (Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Бигэр, Чандмань, Эрдэнэ, Баянтоорой тосгон, Алтай, Цээл, Халиун) ажиллав. 126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий УИХ-ын анхны намрын чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, парламентаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар орон нутгийн иргэдэд танилцуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа.
Говь-Алтай аймгийн иргэд сумдын авто замын асуудлыг хамгийн ихээр хөндлөө. Тэд зах зээлд хүрэхийн тулд 1000 гаруй километр зам туулдаг учраас хатуу хучилттай авто замаар холбогдсоноор иргэдийн амьжиргааны түвшин нэмэгдэж, эдийн засгийн тэлэлт бий болох юм. Тиймээс Алтай-Улиастай, Алтай-Бургастай боомт хүртэлх авто замын ажлыг яаралтай эхлүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байна.
Говийн Их дархан цаазат А хэсэгт хамаарах бүс нутагт амьдран суугаа иргэд Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудлаар санал хүсэлтээ илэрхийлсээр байна. УИХ-аас “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан 33407 иргэний саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэг эрдэмтэн судлаач, иргэд, байгаль хамгаалагчид гээд олон талын байр суурийг нэгтгэж, бодит тооцоо, судалгаанд тулгуурлаж, шийдвэр гаргана гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар уулзалтын үеэр иргэдэд тайлбарлалаа.
Баруун бүс нутаг цөлжилтөд нэрвэгдэж эхэлсэн учраас 42 суманд 6,6 тэрбум төгрөгөөр хөв цөөрөм барих ажлыг энэ онд эхлүүлэхээр болжээ. Говь-Алтай аймгийн хувьд 15 суманд хөв цөөрөм барьж, гадаргын усыг цуглуулах зураг төсөл гарсан байна. Сумын иргэдийн зүгээс уг ажилд талархалтай байгаагаа илэрхийлэв.
Говь-Алтай аймгийн зарим суманд шинэ барилга, байгууламж баригдаж буй ч дэд бүтэц нь хийгдээгүйн улмаас ашиглалтад орж чадахгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандлаа. Тиймээс сумдын дэд бүтэц, цэвэр, бохир усны шугам, цэвэрлэх байгууламж зэргийг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ уулзалтын үеэр УИХ-ын дарга тодотголоо.
Түүнчлэн, малчдын амьжиргааг дээшлүүлэх, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч болох боломжийг бүрдүүлэх “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг сумдын иргэд дэмжсээр, идэвхтэй оролцож эхэлсэн талаар дурдав. Тиймээс цаашид уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн, орон нутагтаа сайхан амьдрах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс хязгаар нутагт амьдран суугаа иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг бодлого шийдвэртээ тусган ажиллах нь чухал гэдгийг онцлоод цаашид шинэ парламент иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллана гэдгээ илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.