Цэс

Холбоо барих

“Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдэвт дөрөв дэх хэлэлцүүлэг боллоо


Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс цуврал хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдвийн хүрээнд дөрөв дэх хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.31/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхлэв.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал даргалсан. Тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгээс Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэг хийх болсныг онцолсон.


Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Г.Ганбаатар, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун Ж.Чинбүрэн, Б.Уянга нар болон иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл болох нийт 53 хүн оролцов.

Ажлын хэсгийн ахлагч, сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэлэлцүүлгийг нээж, үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын хүрээнд төлөвлөсөн гурван удаагийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулсныг дурдаад хэлэлцүүлгийн гол ач холбогдол нь иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг төрийн байгууллага, салбарын яамдын асуудал хариуцсан удирдах албан тушаалтнуудтай уулзуулж, тэдний асуултад хариулж, үнэн зөв мэдээлэл өгүүлэхэд чиглэсэн гэлээ. Түүнчлэн, Ажлын хэсгээс дэд хэлэлцүүлгүүдийн үеэр иргэдийн саналыг сонсож, шийдэл хайхыг чухалчилсан тул энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, утаа бууруулах хүрээнд та бүхний оюун ухаанаа шингээсэн шийдлийг сонсохоор болсон. Оролцогчдын ярьсан санал, санаачилга бүхэн хэлэлцүүлгийн тэмдэглэлд үлдэхийн зэрэгцээ Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны эрдэмтдийн зөвлөлд хүргэнэ. Та бүхний санал санаачилгаас сонирхол татсан, гаргалгаатай, хэрэглэх боломжтой шийдлүүд байвал эрдэмтдийн зөвлөлөөс дуудаж уулзах чиглэлийг Ажлын хэсгээс өгнө гэдгийг онцлон тэмдэглэсэн.


Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийсний дараа Улсын Их Хурлаас нотолгоо, судалгаатай хэрэгжих боломжтой асуудлаар Засгийн газарт тогтоолоор чиглэл өгөх тул хэлэлцүүлэгт оролцогчид саналаа бичгээр өгч болно гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн  хэлж байлаа.

Үргэлжлүүлэн хэлэлцүүлгийн даргалагч Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хэлэлцүүлэг явуулах дэг, хөтөлбөрийг танилцуулсан.


Хэлэлцүүлэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болох 27 хүн зуух, түлшний технологийн шийдлүүдийн хүрээн дэх танилцуулгаар үргэлжлэв. Оролцогчид дэлхий нийтээрээ шинэ хийн түлш рүү шилжиж буй энэ цаг  үед утааг бууруулах хүрээнд Монгол Улсад энэ чиглэлийн тусгай бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлсэн эсэх, мөн хийн түлш рүү шилжихэд дэд бүтэц бэлэн буй талаар хөндөхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчийг ашиглан нарны илчийг дулаан, цахилгаан болгон хувиргах төхөөрөмжүүд, эрчим хүчний ногоон шилжилт, цахилгаан, дулаан хангамжийн тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх, цэвэр нүүрс боловсруулахад чиглэсэн шийдлүүдээ танилцуулж байлаа. Мөн богино хугацаанд агаар, утааны бохирдлыг бууруулахад чиглэсэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эрчим хүч бага зарцуулдаг, хурдан халж, дулаан ялгаруулалт ихтэй халаагуур, кабель болон үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдэд түшиглэн сайжруулсан хатуу түлш, нано технологи ашиглан байшин, гэрийн цонх, шал, ханын дулаалгын  талаарх багаж, төхөөрөмж, технологийн шийдлүүдээ танилцуулж байв.


Тухайлбал, Монгол Улсын зөвлөх инженер Д.Алта хийн түлшний технологийн чиг хандлагын талаарх танилцуулгадаа, агаарын бохирдлыг бууруулахад хамгийн чухал асуудал нь хийн түлш гэдгийг тодотгож байлаа. Мөн тэрбээр, судалгаагаар Монгол Улс нийллэг буюу нүүрснээс гаргаж авдаг хий, шингэрүүлсэн нефтийн хий, байгалийн буюу метан хий зэрэг гурван янзын хийн түлш хэрэглэх магадлалтай. Шингэрүүлсэн нефтийн хийн салбар дэлхийд амжилттай байгаа ч үнэ ханш, импортоос хамаараад зах зээл нь хумигдмал. Харин байгалийн хий үйлдвэрлэх төслийн санаачилгууд гарч эхэлсэн ч манай улсын хувьд үүнийг импортоор авах ганц орон нь ОХУ. Тус улсаас байгалийн хий дамжин өнгөрүүлэх асуудлын цаана дэд бүтэц, эдийн засгийн үр ашиг хөндөгдөнө. Нүүрсний ордуудаас метан хий авах хайгуул, судалгааны ажил хийж байгаа. Таамаг нөөцөөрөө Монгол Улс боломжийн ч метан хийн нөөц олборлоод хэрэглэх хүртэл 5 жилийн хугацаа зарцуулна. Бидний гол асуудал нь байгалийн хий олборлох, эсвэл импортоор авсан ч хэрэглэгч бэлэн байх ёстой. Үүний тулд дэд бүтэц байгуулах нь чухал гэдгийг онцолж байлаа.


Мөн “Экобрикет” ХХК-ийн зөвлөх инженер Ж.Батболд хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлгүй шахмал түлшний талаарх танилцуулгадаа хатуу түлш нь хүний эрүүл мэндэд хоргүй байх ёстойг тодотгоод энэ чиглэлд багагүй хугацаа зарцуулсан гэж байлаа. Тус компани 2004 оноос судалгааныхаа хүрээнд хагас кокс-үртэсний холимог болох био түлш, нүүрс, нүүрс-үртэсний холимог, дан үртсээр дөрвөн төрлийн шахмал түлш гаргасан байна. Эдгээр шахмал түлш угаарын хий гаргаж, хүний эрүүл мэнд амь насанд аюул учруулаагүй  гэдгийг онцолсон. Түүнчлэн био шахмал түлшний бүх үзүүлэлтүүд стандартын шаардлагыг хангасныг хөндлөнгийн олон улсын байгууллагуудын судалгаагаар тогтоосон. Тиймээс утаа бууруулах богино хугацааны арга хэмжээнд эл түлшийг хэрэглэхийг санал болгож  байна гэв.


Мөн энэ үеэр Монгол Улсын зөвлөх инженер Ц.Бээжин “Гэр хорооллын хэсэгчилсэн дулаан хангамж”-ийг байгуулах талаар хөндөв. Гэр хорооллын дулаан хангамжийн үйлдвэрлэл, технологи, бүтээгдэхүүний туршилт, инновацын төвийг байгуулах шаардлагатайг дурдаад инновац, эрдэм шинжилгээ судалгааны төвд лабораторийн хагас үйлдвэрлэлийн хэрэглээний туршилт хийж байж аливаа шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл болоод хэрэглээнд нэвтрүүлдэг шинжлэх ухааны тогтсон аргачлал  байдаг хэмээн тайлбарлаж байлаа. Иймд туршилтын нэгдсэн төв байгуулан хэлэлцүүлэгт оролцож буй иргэн, аж ахуйн нэгж шинэ бүтээгдэхүүн шийдлүүдээ турших нь үр дүнд илүү хүрнэ гэдгийг хөндөн ярьсан.


Түүнчлэн утаа бууруулах хамгийн энгийн шийдэл нь гэр, байшингаа дулаалахаас эхлэнэ гэдгийг зарим оролцогчид онцлоод энэ чиглэлээрх шийдлүүдээ танилцуулж байлаа.

Илтгэл, танилцуулгатай холбогдуулан хөндлөнгийн судлаачийн саналыг сонссон. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Архетикторын тэнхимийн эрхлэгч, зөвлөх архетиктор Г.Цовоодаваа, агаарын чанарыг сайжруулж, утааг бууруулах чиглэлийн хэлэлцүүлэгт зуух, түлш сайжруулах талаар хөндөж буй нь өрөөсгөл буйг дурдаад барилгын дулаалгыг сайжруулах нь илүү сайн шийдэл юм болов уу гэв. Энэ чиглэлээр судалгаа шинжилгээ нэлээдгүй байдаг тул цаашид нэгэнт барьсан байшин, барилгуудыг дулаалж, барилгын эрчим хүчийг хэмнэх, өндөр үр ашигтай болгох чиглэл рүү хандах шаардлагатай байгааг дурдсан. 


Үргэлжлүүлэн гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хэлэлцүүлэгт оролцогчдын танилцуулсан технологийн шийдлүүдийг нэгтгэж, холбогдох төрийн байгууллага, удирдах албан тушаалтнуудад хүргэхэд онцгойлон анхаарч ажиллана гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун танилцуулгад дурдсан технологийн шийдлүүдийг өрхийн хэрэглээ, үйлдвэрлэлийн түвшингөөр нь ангилахаас гадна хэрэглээний аюулгүй байдлын үзүүлэлт, үнэ өртөг, хүний биеийн чадамжид тааруулсан зэрэг ангиллыг саналдаа тусгавал хүмүүс шийдвэр гаргахад илүүтэй нөлөөлнө гэж байлаа.



Хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, энэ удаа илүү бодлогын, инновацын шинэ шийдлүүд ярьсан, ажил хэрэгч, үр өгөөжтэй хэлэлцүүлэг болсныг онцлон тэмдэглэв.


Мөн тэрбээр, Монгол Улсын төр тулгамдсан асуудлаа шийдэх нь зүйтэй. Гэхдээ төр нь аль нэг технологийг олон нийт дээрээ туршдаг субъект биш бөгөөд, тийм ч байж болохгүйг тодотгосон. Өнөөдөр технологийн шийдлүүд нь эрсдэлгүй, эсвэл бага эрсдэлтэй нь батлагдсан инновацын шинэлэг санаа, шинэ технологийг бойжуулан туршиж, алхам алхмаар баталгаажуулаад, олон нийтэд нэвтрүүлдэг тогтолцоо ажиллахгүй байна. Иймд тэдгээр шилдэг, шинэ санаа, шийдлүүдийг төрийн зүгээс бойжуулах шаардлагатай байна. Энэ хүрээнд Ажлын хэсэг шинэ санаа, технологийн шийдлүүдийг дэмжихэд ажил хэрэгчээр хандан ажиллана гэдгийг хэлэлцүүлэг даргалагч Ж.Золжаргал гишүүн хэлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл