Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” асуудлаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны 09 дүгээр тогтоолыг баталсан.
Байнгын хорооны энэхүү тогтоолоор Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдоор ахлуулан байгуулжээ.
Дээрх ажлын хэсгээс чиг үүргээ хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй дэмжлэг авах болон холбогдох мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх шаардлагатай хэмээн үзэж, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Г.Золжаргалаар ахлуулсан дэд ажлын хэсэг байгуулжээ. Тус дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо, Хүний эрхийн хорооны төлөөлөл ажиллаж байна.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Х.Баасанжаргал нар өнөөдөр (2025.01.31) Төрийн ордонд дээрх дэд ажлын хэсгийн хуралдаанд оролцож Ажлын хэсгийн зорилго, хийж хэрэгжүүлэх ажлын хүрээ хязгаарыг тодорхойлж, холбогдох үүрэг, даалгаврыг өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.