Цэс

Холбоо барих

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд яаманд ажиллаж, үйлдвэрлэл, технологийн паркийн талаарх бодлогын хэрэгжилттэй танилцав

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд өчигдөр (2025.01.30) Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд ажиллаж, салбарын бодлогын хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцлаа. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Ж.Золжаргал, Д.Жаргалсайхан, Г.Очирбат, С.Замира, Б.Пунсалмаа, Б.Тулга, Д.Пүрэвдаваа нар энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон тус яамны удирдах ажилтнууд, төрийн, хувийн, орон нутгийн үйлдвэрлэл, технологийн паркийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал солилцлоо.

Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан төрөөс үйлдвэрлэл, технологийн паркийн талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн долоо нь тус яамны эрхлэх асуудлын хүрээнд хамаарч буйг сайд танилцуулгадаа дурдаад, нүүрс-хими, кокс-химийн, гангийн болон зэс боловсруулах цогцолбор байгуулах байршлыг тогтоож, ажлыг эрчимжүүлэх албан даалгаврыг Засгийн газрын хуралдаанаас гаргаад байгаа талаар Байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өглөө.

Мөн уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх “Эрдэнэс ҮТП” компанийн хэрэгжүүлж буй төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн зургаан паркийг, хувийн өмчит үйлдвэрлэл, технологийн парк болох Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй “Алтанширээт ҮТП”, орон нутгийн өмчит үйлдвэрлэл, технологийн парк болох барилгын материалын Налайх ҮТП” компанийн төлөөллүүд тус тусын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцыг танилцуулав.

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчин, Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа, бодлогы хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан тодорхой саналуудыг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хууль, эрх зүйн орчны зөрчилтэй байдлыг арилган, харилцан уялдаатай, нэгдсэн бодлого, чиглэлтэйгээр хөгжүүлэх нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтойг дурдаж, энэ чиглэлээр салбарын яам, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллий газраас мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл