УИХ-ын гишүүн Ч.Анар, Ж.Золжаргал, Б.Уянга, Ц.Мөнхбат нар өнөөдөр /2025.01.28/ Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн суурин төлөөлөгч Юрген Хартвиг, "Just transition" болон "Шүүх эрх мэдлийн байгууллагуудын чадавхыг сайжруулах" төслийн дарга Л.Заяа нартай уулзлаа. Уулзалтаар төрийн үйлчилгээг хүн төвтэй болгож, хүнд суртлыг бууруулах, процессын дахин инженерчлэлийн хэрэгжилтийг сайжруулах, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлсэн судалгаа, төслүүдийн үр дүнтэй танимлцах, Монгол Улсын хууль, эрх зүйн орчны давхардал, хийдлийг арилгах чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ч.Анар төрийн байгууллагуудын үйл ажиллагааг процессын дахин инженерчлэлд оруулах шаардлагатай байгааг онцолж, энэ чиглэлээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэрэгжүүлсэн судалгаа, төслүүдийн үр дүнтэй танилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тус байгууллагын суурин төлөөлөгч Юрген Хартвиг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нь Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Монгол Улсад байгаль орчин, эрчим хүч, тогтвортой эдийн засгийн хөгжил, хууль, эрх зүйн чиглэлээр олон жилтөсөл хэрэгжүүлж ирснийг тодотгоод, цаашид төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
"Шүүх эрх мэдлийн байгууллагуудын чадавхыг сайжруулах" төслийн дарга Л.Заяа шүүх эрх мэдлийн байгууллагуудыг цахимжуулах, хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын туршлагыг судалж, хэрэгжүүлсэн тухай танилцуулж, Монгол Улсын төрийн байгууллагууд процессын дахин инженерчлэл хийж, цахим засаглал руу шилжих үйл явцад дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг дурдав.
Уулзалтын үр дүнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэрэгжүүлсэн хууль, эрх зүйн судалгааны материалуудтай танилцах, Эстони, Герман зэрэг улс орнуудын туршлагыг судалж төрийн үйлчилгээг сайжруулах, процессын дахин инженерчлэлийн хүрээнд төрийн байгууллагуудад нэгдсэн удирдамж боловсруулах, хууль зүйн орчны давхардал, хийдлийг арилгах асуудлуудаар талууд хамтран ажиллахаар тохиролцов.
Ажлын алба