Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.01.29/ хуралдлаа. Хуралдаанаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц ба Монгол Улс" сэдэвт судалгааны үр дүнг Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улс 2009 онд энэхүү конвенцод нэгдэн орж, 2016 онд тус конвенцын хэрэгжилтийг хангах хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг баталсан. Конвенц болон хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш эрхийг хангах, боловсрол, хөдөлмөр, эрүүл мэндийн үйлчилгээ, тээвэр, орон сууцны хүртээмжийн асуудлуудыг тусгасан. Гэвч энэхүү хуулийн заалт бүрэн хэрэгжихгүй, дүрэм журмууд өөр хоорондоо зөрчилдөх, бусад салбарын хуулиудад асуудал бүрэн дүүрэн тусгагдахгүй байсаар байна. Иймд Монгол Улсын хууль, эрх зүйн зохицуулалт нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцтой хэр нийцэлтэй байгааг судлан шинжилж дүгнэлт хийх, асуудлыг сайжруулахын тулд үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох нэн шаардлагатай байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын зарчмууд үндэсний хууль тогтоомжид хэрхэн тусгагдсан байгааг үнэлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бүрэн хангах бодит боломж ямар түвшинд байгаа болон хууль, эрх зүйн зохицуулалтад шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг тодорхойлж, хэрэгжилтийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах шаардлагатай хэмээлээ. Тус конвенцод хөгжлийн бэрхшээлтэй хүний суурь болон тусгай эрхүүдийг багтаасан 29 эрхийг 6 бүлэгт хуваасан гэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод хүний суурь эрхүүд болон тусгай эрхүүдийг багтаасан 29 зүйл заалтын 46 хувь нь манай улсын хууль тогтоомжтой нийцэж байгаа тул хэрэгжилтэд төвлөрөн ажиллах шаардлагатай гэж үзжээ. Харин найман хувь нь нэр томьёоны тодорхойлолт зөрүүтэй байгааг арилгах шаардлагатай гэсэн бол 38 хувь нь агуулга арга хэмжээг дутуу тусгасан, 15 хувь нь конвенцын заалт болон агуулга зөрчигдсөн хэмээн үзсэн байна. Тиймээс дээрх зөрчлүүдийг арилгах шаардлагатай гэж үзэж байгаагаа танилцуулсан юм. Судалгааны дүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийллээ.
Тус ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хангах талаар хууль, эрх зүйн орчин болон нийцэл, хэрэгжилтийг хангах талаар судалгааг үргэлжлүүлэн хийсний дараа холбогдох яам, агентлагуудын албан тушаалтнуудыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр дараагийн хурлаа хийхээр тогтсоныг танилцууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.