Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, М.Нара-Нарантуяа нар Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчидтай уулзаж, аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар болон хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа.
Энэ үеэр Засаг дарга С.Мөнхчулуун Дундговь аймгийн талаарх ерөнхий мэдээллийг танилцуулахдаа 46 мянган хүн амтай, орон нутгийн хувьд улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа аливаа бодлого шийдвэр, хөгжлийн хөтөлбөрүүдэд 100 мянгаас дээш хүн амтай байх шалгуурыг хангадаггүйгээс болж хамрагдаж чаддаггүй, энэ талаар хууль эрх зүйн дорвитой шинэчлэл хийх шаардлагатай талаар дурдав. Мөн төрийн албан хаагчдын сул орон тоо олон, тэдгээрийг нөхөх хэрэгцээ, шаардлага их байдгийг танилцуулсан. Үүнд Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шалгуурын босгыг давж чадахгүй, мэргэжлийн код таарахгүй зэрэг асуудлуудаас болж төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэх чиг үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа учир хүн ам цөөтэй орон нутгийн хувьд төрийн албан хаагчдыг шалгаруулж авах тогтолцоог уян хатан болгох талаар санал хэлж байв.
Уулзалтын үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар төрийн алба хаагчдад хандан үг хэлэхдээ Монголын тал нутгийн нүүдэлчдийн соёлын өлгий болсон Дундговь аймаг бол дуу хуурт соёлын өв тээгч болсон ард түмэн, энэ нь түүх, соёлоо тээгээд явж байгаа нутгийн ард түмэнд талархаж явдаг талаар, мөн төрийн алба хаагчид аливаа бодлого шийдвэр гаргахдаа хүн төвтэй, хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой талаар, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Баярбаатар төрийн албаны ёс зүйн талаар, ирэн төвтэй, хүнээ дээдэлсэн ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэх асуудал нь төрийн албан хаагчдын үлгэр дууриаллаас эхтэй талаар, мөн Дундговь аймгийн ёс зүйн дэд хороог сургалт, арга зүйгээр хангаж, хамтран ажиллахад бэлэн талаар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд Хүний эрхийн үндэсний Хоёрдугаар хөтөлбөрийн төслийг улс орон даяар танилцуулж, иргэд олон нийтийн санаа бодлыг сонсож, хэлэлцүүлэх ажил Дундговь аймгаас эхэлж байгааг цохон тэмдэглээд, хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны манлайллыг энэ аймгаас эхлүүлнэ гэдэгт итгэж байгаа талаар үг хэллээ.
Үүний дараа Улсын Их Хурлын төлөөлөгчид Дундговь аймгийн шүүх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний төв, аймгийн Прокурорын газраар очиж, байгууллагын үйл ажиллагаа, хүний эрхийн төлөв байдал, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, санал солилцлоо.
Төрийн байгууллага, холбогдох албан тушаалтнуудтай уулзсаны дараа Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, М.Нара-Нарантуяа нар аймгийн иргэдтэй уулзаж Хүний эрхийн үндэсний Хоёрдугаар хөтөлбөрийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг сонсож, хэлэлцэв.
АЖЛЫН АЛБА